Зөнөсөн малаар тогооо тосолдог юм байж, тэгвэл тэднийг яах вэ

Зөнөсөн мал үр төлөө үнэрлэж элдэж хөөхийг нь харсан хоёр буурлын сэтгэл зовниж “Үхэхээсээ өмнө их юм үзэх нь шив дээ. Золигоор тогоо тослохоос. Гэхдээ хар элгийн хүмүүсийн тогоог тослуулах юм даг шүү” гэж ярилцаж байж билээ.
Эцэг мал үр төлөө хөөхөд малчны сэтгэл тэгж эмзэглэж байхад төрсөн эцэгтээ хүчиндүлсэн охины сэтгэл ямар байсан бол. Тэдгээр хүн төрхт араатныг харахыг ч хүсэхгүй бяцхан зүрхэнд нь хурсан айдас хүйдэс арилж амжаагүй байхад тэдэнд 2-4 жилийн ял оноож байгаа нь ч хэр шударга байна вэ гэж хууль батлагсдаас асууж байна.
Хэрэгтэн 4 жил ч хүрэхгүй суугаад гараад ирнэ. Ял нь багадсан, хөнгөдсөн тул мэдээж бузар үйлдлээ дахин давтагдахгүй гэх баталгаагүй. Нөгөөтэйгүүр тэр хугацаанд битгий хэл хүүхдийн сэтгэл санаа тайвширч, бүрэн эрүүл саруул болж амжихгүй.
Сүүлийн үед олны дунд “Төрсөн эцэг нь 10-хан настай охиноо хүчиндчихэж. Үгүй бүр 6 настай охиноо бузарлачхаж. Нөгөө бузар чинь 2 жил суугаад гарсан байна…” гэх яриа гарч охин үртэй хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсээр л байна.
Эх хүний хувьд эмэгтэй хүний хувьд охин үрээ хайрлаж, хамгаалж чадаагүй эхийг буруутгамаар. Бас хүн төрхт араатнуудын ялыг хөнгөдүүлж байгаа хууль батлагсдыг бүүр ч буруутгамаар.
Товчхондоо бол Эрүүгийн хуулийн зүйл заалтад тусгасан ял хөнгөдсөн учраас энэ төрлийн гэмт хэрэг эрчтэй ихэсч байна.
Үүнийг доор дурддах тоо баримтуудаас харж болно.
Тодруулбал, 2018 онд хүний бэлгийн эрх чөлөө , халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 621 гарсны 519 нь хүчиндэх гэмт хэрэг, 2019 онд 610 хэрэг гарснаас 481, 2020 онд 505 гарснаас 401, 2021 онд 540 хэрэг гарсны 439 нь хүчиндэх гэмт хэрэг байсан байна.
Мөн тэртээ 12 жилийн өмнө буюу 2010 онд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо 152 байсан бол 2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253, 2020 онд 248, 2021 онд 278 болж өссөн байгаа нь том Эмгэнэл юм.
Цаазын ялыг нь халдаг юм байж, яагаад ялын хэмжээг багасгаж бага насны охидыг хүн төрхт араатнуудад барьж аваачаад өгөөд байгаа юм бэ, гэж хууль батлагсдаас асуумаар байна. Ийнхүү хэлэхийн учир нь өнөөгийн мөрдөж буй хуулийн зүйл заалт нь гэмтнүүдийг өөгшүүлсэн учраас олон олон ээжүүд ингэж хэлж буй юм.
Тэгээд ч юугаар ч нөхөж баршгүй хохирол амссан тэр бяцхан охид чинь ирээдүйн Монголын эздийг төрүүлэх гавьяатнууд шүү дээ уг нь.
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл