Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто зам наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарт  хилийн боомтуудыг авто замаар холбох ажлууд эрчимтэй явагдаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто замд ажиллалаа.

\

Тус замын хөрс хуулалт,  далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдсэн, суурь болон хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр дуусах хуваарьтай хэдий ч гүйцэтгэгч компанийн төлөөлөл наймдугаар сарын 17-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцуулав.

\

Сайд Л.Халтар, ажлын гүйцэтгэл сайн, цаг хугацаандаа дуусгах бүрэн боломжтой гэж харлаа. Цагааннуур боомтоос ОХУ-ын хил хүртэлх 4 км газарт цэвдэгтэй хөрс байна. Ирэх зун зам барилаа гэхэд өвөл хөлдөж суулт овойлт өгч зун нь хагарч эвдэрнэ. Тиймээс гүйцэтгэгч компани баталгаат хугацаандаа дахин завсарлах ажил гаргахгүйн тулд тухайн цэвдэгтэй хэсэгт  Буратын даваан дээр суурилуулж байгаа  хөргөлтийн тоног, төхөөрөмж хийх шаардлагатайг хэлээд гүйцэтгэгч компани төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ярилцан ойрын хугацаанд ямар байдлаар хийхийг яаманд танилцуулахыг чиглэл болгов.

Олон улсын AH4 замыг Өлгий хотын төвөөр дайруулж тавьснаар хүүхэд гэмтэх зам тээврийн осол гарах болсон. Тиймээс тус замыг Баян-Өлгийн аймгийн төвийг тойруулж 18.82 км зам, 201.08у/м төмөрбетон гүүр барьж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд “Замын ажил өнгөрсөн жил эрчимтэй өрнөсөн байна. Харин Ховд гол дээгүүр гарч байгаа 200 орчим урт метр гүүр босоо багануудаа цутгасан боловч дам нуруугаа огт хийгээгүй байгаа нь санаа зовоож байна. Гүйцэтгэгч компанитай уулзана. Сайн ажиллавал ирэх 10 дугаар сарын сүүлээр дуусах боломжтой” гэлээ.

\

Тэрбээр, Баян-Өлгий аймагт баригдаж буй автозамын бүтээн байгуулалтын ажил ашиглалтад орсноор Монгол руу импортын ачаа тээвэр орж ирнэ гэхээс илүү Орос Хятадын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэр хийгдэнэ. Хөдөлгөөний эрчим нэмэгдэхээр үйлчилгээний газрууд ажиллана. Түүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий. Тиймээс бид дэмжих ёстой хэмээн тодотгож хэлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button