Европын холбоо: Бид Украинтай хамт
Украин улсын Европын холбоонд элсэх хүсэлтийг мягмар гарагт хүлээн авлаа. Энэ үеэр тус холбооны гишүүд “Украинтай хамт тэмцэнэ” гэсэн лоозон барьж, Украины тугтай цамц өмссөн байв. Ийн Европын холбоо Украиныг зэвсгээр хангахын сацуу Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Үүний дараагаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Европын парламентын танхимд хандан цахимаар үг хэлсэн юм.
Энэ үеэрээ тэрбээр “Европын холбоо биднийг хамгаална гэдгээ нотлох ёстой. Та бүхэн биднээс илүү их хүчтэй” гэсэн бол Европын комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефкович “Бид Украинтай хамт. Та бүхний ялалтын дараа үзэсгэлэнт эх орноо эргэн сэргээн босгоход тань Европын холбоо тусална” гэж ярьсан талаар “Aljazeera” мэдээлэв.
Европын холбоонд элсэхийн тулд урт хугацааны хүндрэлтэй үе шатыг давах ёстой байдаг хэдий ч ОХУ-аас явуулж буй халдлагатай холбоотойгоор тус холбоо Украиныг маш хурдан хугацаанд гишүүнээрээ элсүүллээ. Мөн Европын парламент Европын холбооны удирдлагуудыг Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Оросоос шатахуун, газрын тос импортлохоо зогсоохыг уриалжээ.
Энэ сарын 1-ний байдлаар хоёр улсын халдлагын улмаас 136 энгийн иргэн амиа алдсаны 13 нь хүүхэд, 400 гаруй хүн гэмтсэний 26 нь хүүхэд байгааг НҮБ мэдээлсэн байна. Мөн НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор мягмар гарагийн байдлаар 660 мянга гаруй Украин иргэн хөрш орнууд руугаа дүрвэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав