АН: УИХ-ын 19 гишүүн бүрдэж байж Түр хороог байгуулах боломжтой болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага” сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын удирдлагуудаас гадна 60 гаруй иргэд оролцов.

Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний талаас илүү хэсэг нь буюу 1.7 их наяд төгрөг нь муу зээлийн ангилалд орчихоод байгаа. Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 25 жилд байгаагүй 5.3 хувийн уналттай гарсан бол 2021 онд ердөө 1.3 хувиар өссөн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг шокын байдалд байгаагийн нотолгоо. Тээвэр ложистикийн гацаа, шатахууны үнэ чөлөөлсөнтэй холбоотой инфляц огцом өссөн хүнд үед Хөгжлийн банкны асуудал хуулийн дагуу шийдэгдэж дуустал хараа хяналтаасаа гаргахгүйн тулд энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат үзэж, санаачилга гарган ажиллаж байна. УИХ-ын 19 гишүүн бүрдэж байж Түр хороог байгуулах боломжтой болох ажээ.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэл болох “Монгол Улсын Хөгжлийн банкны 2012-2021 оны үйл ажиллагааны судалгаа”, “Парламентын мөрдөн шалгах ажиллагаа: Хяналт шалгалтын түр хороо” сэдэвт илтгэлүүдийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж, хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат нар тавьж, түр хороо байгуулснаар үүсэх давуу тал, боломж, түр хороо хэрхэн ажилладаг талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Ардчилал өндөр хөгжсөн орны парламент хянан шалгах түр хороо байгуулах замаар баримт цуглуулан, буруутай нь тогтоогдсон албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх замаар баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангадаг туршлагын талаар мөн тайлбарлалаа.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button