‘Тэжээгч Монгол’ ба дахин ашигладаг баялаг
“Үйлдвэргүй улс орон хөгжих тухай ярих нь битгий хэл бодох ч хэрэггүй” гэж нэгэн эрхэм манай улад 1940-өөд оны эхээр ирээд буцахдаа хэлсэн юм гэнэ билээ. Гэхдээ бид үйлдвэртэй болсон, улс орон маань ч хөгжсөн. Энэ хөгжлийг харийн хүнээс хатуу үг сонссон тухайн үеийн улс төрчид хийсэн, бүтээсэн босгосон.
Тэгвэл одоогийн улс төрчид үйлдвэр барих тухай ганц ч үг дуугардаггүй. Үүнийг нь гадныхан мөн л шоолдог юм гэсэн.
Хэрэв бид үйлдвэртэй бол газар доорх баялгаа түүхий чигээр нь гадагш гаргахгүй. Үнэт зүйлээ гадагшаа урсгаж байгаа нь өнөөдөр төрийн бодлого алдагдсаны баталгаа гэж бултаараа ярьдаг, хэлдэг ч энэ сэдвийг өлгөж аваад өөдтэйхөн ажил хэрэг болгочих улс төрч ч үнэндээ алга. Тэдний хэлдэг, ярьдаг, хийдэг зүйл нь ганц нэг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэнгэрт хадсан үнэтэй орон сууц барихаас хэтэрдэггүй. Бас алт, зэс, ган төмрийн хүдийг ямар ч боловсруулалт хийхгүй түүхийгээр нь маш хямдаар гадагш гаргаж бусдын үйлдвэрлэдэг валют гэх цаасаар сольдог.
Харин манайхаас түүхий эдээ авсан улс орнууд үйлдвэрлэл эрхэлдэг. Яагаад гэвэл биднээс авсан алт, зэс, төмрийн хүдэр, ган бол дахин ашигладаг баялаг.
Товчхондоо бол бидний гадныханд өгсөн дахин ашигладаг тэдгээр баялгаар тэд эдийн засгаа бат сайн бэхжүүлж байна гэсэн үг. Тиймдээ ч биднийг “Тэжээгч Монгол” хэмээдэг биз. Харин бид тэр үгэнд нь хөөрч дахин ашигладаг баялгаа гадагш цацсаар л байна.
Бид 1990-ээд онд төмрөө ад үзэж өмнөд хөрш рүү бараг л өөрсдөө хүргэж өгч байсан бол өнөөдөр барилгын арматур төмөр болчихсон бид Хятадаас өнөдөр үнээр авч байна. Энэ бол дахин ашигладаг баялгаа бусдад найр тавьж өгсний тод жишээ.
Их Британийн гангийн үйлдвэр 2015 оны сүүлээр уналтад орсон тухай дэлхий даяар шуугьж байсан. Тэгвэл тэд түүхий эдээ гаднаас татдаг тул тийнхүү зогсонги байдалд орсон байдаг шүү дээ.
Хэрэв бид үйлдвэртэй байсан бол алт, зэс, ган, хүдэр зэрэг дахин аишладаг тэдгээр баялаг буюу түүхий эдээ хайлуулж боловсруулахад кокосжсон нүүрсээ хэрэглэж ядаж л эцсийн бүтээгдэхүүн болгож өндөр үнэд хүргэх байв.
Гэхдээ инженерүүдээ үнэлж, дархан хүний бурхан ухааныг ашиглаж, шүтэж чадах аваас тийм ирээдүй холгүй бий.