Х.Нямбаатар: Хөгжлийн банктай холбоотой 130 хуудас шалгалтын материалыг нууцаас гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцсэн. Мөн Хөгжлийн банкны асуудалтай холбоотой зарим материалыг төрийн нууцаас гаргахаар шийдвэрлэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: "Өнөөдрийн МУЗГ-ын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Мөн Хөгжлийн Банканд 2016 онд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын Б.Энхбаяр гишүүн уг саналыг ирүүлсэн. Нийт 130 хуудас шалгалтын материал байна. Тодорхой эх үүсвэрүүдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг ямар байдлаар зээл болгон гаргасан, ямар зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, зургаан жилийн хугацаанд хэрхэн шийдэгдэж, өр төлбөр хэрхэн барагдсан зэрэг дүгнэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг ил болгож байна. Засгийн газрын тогтоол албажмагц энэхүү шалгалтын материалыг хэвлэж авах боломжтой. Тухайн үед яагаад нууцалж байсан бэ гэхээр МУЗГ ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр хийгдэж байсан тул санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил болгох шаардлагагүй гэж үзсэн" гэлээ.
Оллоо.мн
С.Тэлмэн