Эрчүүд дийлсэн улстөрийн тоглоомонд эмэгтэйчүүд хохирогч, золиос болсоор байна

“Гэр бүлээ хэрхэн авч явахаа мэддэг эмэгтэй хүн бүр улс эх орноо яаж удирдах шийдэлтэй маш ойр байдаг” хэмээн Английн алдарт улстөрч, Ерөнхий сайд, дэлхий дахинаа “Төмөр хатагтай” гэж өргөмжлөгдсөн Маргерит Тетчер нэгэн цагт хэлж байжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд ч гэсэн улс төрийн оролцоонд нөлөөг үзүүлэх чадалтай, эрчүүд шиг улс эх орноо төвхнүүлэхэд гар бие оролцож чадна гэдгийг хэлж байгаа юм. Түүний хувьд ч энэхүү хэлсэн үг шигээ амьдарч чадсан.
Даяаршлын давалгаанд гэр бүл доторх эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн байр суурь, оролцоо маш ихээр өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг гэр бүлийн уламжлалт хэв маяг буюу гэртээ суугаад хүүхдээ харах, гэрийнхээ ажлыг хийх гэх зүйлээс хөндийрүүлж эрчүүдээс илүү боловсрол эзэмших, ажлын талбар ахин түвшний ур чадварт суралцах боломжийг олгож байгаа юм. Ингэснээр бизнес болон улстөрийн талбарт эмэгтэй лидерүүд олноор төрөн гарах болсон. Дэлхий дахинаа өрнөсөн энэ давалгаа ч Монголыг дайран өнгөрсөн. Бизнесийн салбарт Ц.Гарамжав, Н.Цэлмүүн, Б.Ундармаа, Л.Эрдэнэчимэг, улстөрд Ц.Оюунгэрэл, С.Оюун тэргүүтэй нийгэмд нөлөө бүхий эмэгтэйчүүд тодорсон. Гэхдээ тэдний хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ амаргүй олон зүйлийг даван туулсан. Учир нь нийгмийн үнэлэмж нь эмэгтэй хүнийг үргэлж эрчүүдээс дутуу үнэлдэгт шалтгаан бий.
Манай улсын хувьд 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог Үндсэн хуулиар дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ардчиллын суурь зарчмууд, ялангуяа хүний эрх, хүйсийн тэгш байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан. Гэвч 1990 оноос хойшхи гурван удаагийн парламентийн сонгуульд нэг ч эмэгтэй нэр дэвшигч оролцоогүй. Харин 2004 оноос эхлэн нам доторх эмэгтэйчүүдийн оролцоо дээшилж, цаашлаад улстөрийн тавцанд эмэгтэй дүрүүд тодрох болсон.