Пялдага нөхдөөс болж асуудал хурцадлаа
Бодит байдлыг гуйвуулж, мэдээллийг үнэн зөв өгөхгүйгээс болж нэлээн томоохон асуудал үүсэх нөхцөл байдалд хүрчхэв бололтой. Ингэж хэлэхийн учир нь 2 сарын 28-наас эхлэн хэрэгжиж байгаа “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа үнэндээ Монгол Улсын эдийн засгийг туйлдуулж, ард түмнийг ядуурал чирж буйд юм.
Үүнийг Замын-Үүдийнхэн ч нотолж байгаа юм.
Үнэндээ үзээд өгье ч ард иргэдийнхээ ажлын байрыг булаадаг төртэй улс олох ч үгүй ч биз. Тэгээд ч Замын-Үүдийнхэн гэж байгаа боловч үнэндээ 21 аймаг нийслэлийн 9 дүүргээс ч тухайн бүс нутагт зорчин тээвэрлэлт хийдэг болохоор энэ бол зөвхөн Дорноговьчууд, Замын-Үүдийнхний асуудал гэвэл өрөөсгөл болно.
Гэхдээ тэдний үзэж буйгаар доод дунд шатны албан тушаалтнууд “Чингэлэг тээвэр болж байна бүтэж байна” гэсэн мэдээллийг дээд шатны удирдлагууддаа өгч бодит байдлыг нуусан учраас өнөөдөр ийм байдалд хүрэв.
Тээвэрчдийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өчигдөр ЗТХЯ-ны тодорхой албан тушаалтнуудтай уулзахад “Чингэлэг тээвэр үнэндээ Монголд ашигтай. Маш сайн үйлчилгээ” гээд сууж байв. Бодлогын яамны мэргэжилтнүүд нь ийм юм яриад сууж байгаа нь ямар том гутамшиг вэ.
Үнэндээ 4 аргын тоо боддог 3, 4 дүгээр ангийн хүүхдүүдээр бодлого бодуулахад ч “Чингэлэг тээвэр” ашиггүй гэдгийг хэлнэ.
Бодит байдал ийм байхад Засгийн газрын 27 дугаар тогтоолыг цээжилчихсэн, ямар ч ойлголтгүй ойлгомжгүй нөхдүүд хөдөө хөхөрч, гадаа гандаж улс орныхоо эдийн засагт өөрсдийн хэр хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа тээвэрчдийн төлөөлөлд үнэндээ жулдав.
Аргаа барсан тэд “Туурга тусгаар улсын Шадар сайд ард иргэдийнхээ амьдралыг мэдрэх л учиртай. Харин мэдээллийг буруу дамжуулдаг нөхдүүдэд хамаг буруу байна” гэж дүгнэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд нарт бичиг хүргүүлж 24 цагийн дотор хариуг нь авахаа уламжилсан. Тээвэрчид албан шаардлагынхаа хариуг заасан хугацаанд өгөхгүй бол дараа дараагийн шатны арга хэмжээнд шилжинэ гэдгээ ч мэдэгдсэн.
Товчхондоо бол үг дайвал илүүдэж, мөнгө дайвал дутдаг гэгчээр Пялдага нөхдийн худлаа, буруу ташаа мэдээллээс болж төр засаг ард иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх нөхцөл байдал бүрдчихээд байна.
Эх сурвалж: ErenNews.mn