ГЕГ: 350 боодол ачааг шалгахад 13 500 ширхэг барааг мэдүүлээгүй байсан нь тогтоогдсон
Гаалийн ерөнхий газрын төлөөллүүд цахим орчинд гарсан мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийлээ.
ГЕГ–ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа "Цахим орчинд гарсан мэдээлэлтэй холбоотой тайлбар өгье. Гуравдугаар сарын 7-нд мэдүүлэгч ачаа тээшээ мэдүүлсэн. Нийт 19.9 тонн, 472 ширхэг хайрцаг ачааг мэдүүлсэн. Ачаа тээшийн шалгалтыг өмчлөгчийг заавал байлцуулж байж явуулдаг. Энэ тохиолдолд тухайн мэдүүлэгч дуудахаар ирэхгүй, ирсэн ч шалгуулахгүй байсан. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шалгалтыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 350 ачааг нь шалгаад дууссан. 122 ачааг хяналт шалгалтад оруулахад бэлэн байгаа.
Гаалийн харилцаанд орж байгаа иргэний ганц үүрэг нь бараагаа үнэн зөв мэдүүлэх байдаг. Иргэн Ю-гийн ачаанаас одоогоор дутуу мэдүүлсэн 13500 ширхэг барааг илрүүлээд байна. Өнөөдөр тухайн иргэн ирээгүй байгаа учир хяналт шалгалтын үйл ажиллагаа зогссон. Гаальд мэдүүлсэн байдал нь ачаатай нь харьцуулахад илт худал мэдээлсэн байсан тул нарийвчилсан шалгалт хийхийн тулд гараар шалгасан. Хэрэв мэдээллийг илүү тодорхой болгоё гэвэл үдээс хойш хийгдэх шалгалтын явцад байж болно. Иргэн Ю ачаагаа 64 сая төгрөгөөр тээвэрлүүлсэн гэсэн боловч, тухайн тээврийн байгууллагаас тодруулга авахад 308 сая төгрөгний тээвэрлэлт хийсэн гэсэн мэдээ өгсөн. Иргэн эхлээд тээврийн зардлаа дараа нь тоо хэмжээгээ худал мэдүүлсэн. Зарим бараагаа мэдүүлээгүй. Илт худал мэдүүлсэн зөрчилтэй барааг нэг бүрчлэн тоолох ажиллагаа гардаг. ГЕГ-ын ажиллагаанд металл илрүүлэгч, рентген, эрэлч нохойг ашиглаж байгаа" гэв.
Оллоо.мн