С.Мөнхнасан дарга аа, дуусдаггүй спорт цогцолбортоо хэдэн тэрбумыг зарцуулах вэ

Сургууль, цэцэрлэг, спорт танхим шинээр барина гэдэг эрх мэдэлтнүүдийн мөнгө хүүлэх аргуудын нэг гэлтэй. Ингээд ч зогсохгүй тэрхүү барилга, байшин нь дуусахгүй, хугацаа алдах тусам төсөвт өртөг нь нэмэгдэж, анхныхаасаа хэд дахин өссөн дүнтэй болчихдог гажиг тогтолцоо манай улсад бий болсоор удаж байна.
Түүний нэг нь ИНЕГ-т байна. Тус газар дэргэдээ иж бүрэн спорт цогцолбортой болно гэж анх 2019 оны зургаадугаар сард олон нийтэд зарлаж байв. Нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэгээхэн хэсэг болсон энэ цогцолборын барилгын ажлын төсөвт өртөг нь 5 тэрбум 184 сая төгрөг бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2020 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр анх тендерийн шалгаруулалт явагдаж байжээ.
Түүнээс хойш саяхныг хүртэл энэхүү цогцолборын ажилдаа хөрөнгө зарцуулсаар л сууна. Уг нь тус цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахаар 2021 оны 07 дугаар сарын 05-нд Улсын комисс ажилласан бөгөөд тухайн үед спорт заал, том хүний болон хүүхдийн усан бассейн, фитнесс, чийрэгжүүлэлтийн танхим гээд иж бүрэн хэмжээнд бүтээн босгосон. Зөвхөн Улсын комиссын дүгнэлт гарчихвал үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж байсан.
Гэвч одоог хүртэл өнөөх нь мөнгө “саасан” хэвээр байна. Жишээлбэл, ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасан очсоноос хойш зөвхөн спорт цогцолборт зориулж 2021 оны 12 дугаар сард тохижилт, тоног төхөөрөмж авах 400 сая төгрөгийн, 2022 оны 3 дугаар сарын 4-нд 215 сая төгрөгөөр мөн л тоног, төхөөрөмжийн тендер зарлажээ.
Түүнийг очихоос мөн л сар гаруйн өмнө спорт цогцолборын тоног төхөөрөмж авахаар 400 сая төгрөгийн тендер зарлаж байжээ.
Мэдээж тендерийг хуулийн дагуу зохион байгуулж байгаа ч тухайн цогцолбор ашиглалтад ортлоо их хөрөнгө зарлагадах нь, энэ янзаараа.
С.Мөнхнасан дарга аа, “Улсын комисс дүгнэлтээ гаргачихвал үйл ажиллагаагаа эхлүүлнэ” гэж байсан Спорт цогцолбортоо ингэж дахин дахин их хөрөнгө зарж байгаа чинь аргагүй хардлага байна шүү.
Б.Төгөлдөр