Хайгуулыг нэмэгдүүлэхгүйгээр том орд нээх боломжгүй

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд олон жил гомдол дагасаар ирсэн байдаг. Нэг хэсэг бөхчүүд авдаг гэсэн яриа байсан бол сүүлийн үед толгой сийрэг IT-гынхан авдаг гэсэн яриа  олон нийтийн дунд хөвөрдөг.  Тэгвэл энэ бүх түүхэн үйл явцыг судалж үзээд хамгийн түрүүнд тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэхгүй бол том ордуудыг нээх боломж бүрдэхгүй. Нөгөөтэйгүүр, гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ татах боломж муудаж тэр хэрээр эдийн засаг тэлэхгүй. Тусгай зөвшөөрлийг олгохдоо тооноос чанарт анхаарлаа хандуулах шаардлага байгааг УУХҮЯ -наас мэдээлсэн байдаг. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцыг цахимжуулснаар засаглалын ил тод байдал сайжирна хэмээн  УУХҮЯ-ны  дэд сайд О.Батнайрамдал  Шинэ сэргэлтийн бодлого танилцуулах үеэр онцолж байсан. Мэдээж хэдий чинээ олон га талбайд хайгуул хийх тусам сайн. Учир нь тэдгээрээс орд болох нөөцтэй лиценз цөөн гардаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог  нэмэгдүүлснээр гадаад, дотоодоос татах хөрөнгө оруулалтыг  түргэтгэх  зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн шинэ том ордыг нээх бүрэн боломжтой гэдгийг салбарынхан хэлсээр байна. Одоогоор манай улс газар нутгийнхаа 43 хувьд  500 мянган масштабтай зураглал хийгээд байна. Иймээс дахин том ордуудыг нээх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нээлттэй цахим болгож байгаагаа салбарын яам мэдээлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 2020 оноос зогсоож 2022 оны нэгдүгээр сарын 31-нээр дуусгавар болгоод байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтоо нээх эсэхийг харахаар том хөрөнгө оруулагчид мөн бусад орны элчин сайдууд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хүлээлт үүсгэсэн байсан. Цахим өргөдөл хүлээн авах цонх нээгдээд сар гаруй хугацаанд 500 орчим өргөдөл ирээд байгаа аж. Эдгээр өргөдлөөс сонгон шалгаруулах байдлаар тусгай зөвшөөрлийг олгох юм.

Cонгон шалгаруулалтын системийг  цахимд шилжүүлэв

Бар кодоор тусгай зөвшөөрөл олгох ба гар утасны аппликэйшний тусламжтайгаар тухайн аж ахуйн нэгж, иргэний утас, цахим шуудангаар хариуг илгээх системийг Ашигт малтмал, газрын тосны мэргэжилтнүүд боловсруулсан байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийг хүлээж авахдаа тухайн сонгосон талбай хэр давхцалтай байгааг автомат системээр гаргаж өгөх аж.  Тусгай хэрэгцээний болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцвал тухайн давхцлыг автоматаар тогтоож, булангийн координатын цэгүүдийг тодорхойлно гэж мэргэжилтэн хэлсэн. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журмаар олгоход аж ахуйн нэгжүүдэд бичиг цааснаас эхлээд олон хүндрэл тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд сонгон шалгаруулалтын системийг цахим руу шилжүүлэх ажлыг тус агентлаг хийж байна. Тухайн аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийн тусламжтайгаар сонгон шалгаруулалтын материалаа бэлдээд цахимаар агентлаг руу шилжүүлнэ. Улмаар сонгон шалгаруулалтын комисс цахимаар үнэлгээ хийж шийдвэрээ гаргана. Ингээд тухайн байгууллага, иргэний гар утас болон цахим шуудангаар хариуг илгээх аж. Одоогоор хайгуулын ажлын нөөцийн тайлангийн мэдээллийн сан, ТЭЗҮ-ийн мэдээллийн санг цахимжуулж байна. Урьдчилан  шалгах программыг боловсруулах тал дээр мөн ажиллаж буй. Хайгуулын ажлын тайлан, уулын ажлын тайлан төлөвлөгөөнд 17 маягтыг бөглөдөг. Мөн дэлгэрэнгүй тайланг  холбогдох газарт ирүүлнэ. Нэг тооны алдаанаас болж тухайн тайлан бүхэлдээ буцаах тохиолдол бий. Тиймээс үүнийг урьдчилан шалгах программаар засаад цахим системд оруулах боломж нээгдэх аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.Мягмарбаяр

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button