Б.Мэргэн: Эмч нар “Энэ хүний чинь бие муу байна, амь нас нь эрсдэлд ороод байна” гээд байхад шүүхээс цагдан хорьдог тохиолдол байна

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.


үүх аны амь насыг хамгаалахын тулд цагдан хорьж байнагэснээ бүр халтай нөхцөл байдалд оруулж байгаа нь харамсалтай-

 


-Амь нас нь хэзээ ч эрсдэж болзошгүй хүнийг шүүхээс цагдан хориод байгаа жишээг та олон нийтэд хуваалцсан байсан. Манай хууль шүүхийн практикт ийм тохиолдол нэг бус гарсан. Хорих ангид эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан, амиа хорлосон тохиолдол гарсан гээд нэрлэж болно. Шүүх иргэнийхээ амьд явах эрхийг зөрчөөд байгаа хэрэг биш үү?

-Цагдан хорих гэдэг хүний эрхийг хамгийн томоор хязгаарлаж байгаа шийдвэр. Магадгүй шүүхээс тухайн хүнийг буруугүй гээд шийдчихвэл цагдан хоригдсоноос үүссэн үр дагаврыг хэн хариуцах вэ, хохирлыг хэрхэн төлөх вэ. Эрүүл мэндээрээ, ажил төрлөөрөө хохирно. Түүнийг бүрэн нөхөн барагдуулна гэж байдаггүй. Тэр зөрчигдсөн эрхийг яаж сэргээх талаар асуудал Монголд бүрхэг, шийдэгддэггүй асуудлуудын нэг. Ийм тохиолдолд хүнийг таслан сэргийлэх арга хэмжээнүүд дотроос хамгийн хүнд хэлбэр болох цагдан хорих арга хэмжээ авахад зайлшгүй үндэслэлтэй, тэр нь батлагдсан, нотлогдсон тохиолдолд цагдан хорих ёстой.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль 2017 онд шинэчлэгдэхээс өмнө цагдан хорьдог асуудал замбараагүй байсан. Өнөөдөр нөхцөл байдал сайжирсан уу гэвэл сайжирсан. Гэхдээ цагдан хорихдоо дөрвөн үндэслэлээ хэр зөв барьж байна вэ, тэр нь тогтоогдож байна уу гэдэг дээр бас асуудалтай байгаа.

-Таны үйлчлүүлэгчийн хувьд цагдан хорих үндэслэлүүдээс аль нь ч байхгүй гэсэн байх аа?

-Сэжигтэн яллагдагчийг дөрвөн үндэслэлээр цагдан хорьдог. Нэгдүгээрт, тухайн хүн оргон зайлахыг завдсан, эсвэл оргон зайлаад баригдсан бол энэ хүн цаашид хэрэг илрүүлэхэд саад учруулж байгаа гэдгээр цагдан хорино. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт байх юм бол цагдан хорино. Эхний гэмт хэргийг шалгаж дуусаагүй байхад дахиад гэмт хэрэг үйлдэх гэж байна гэж үзсэн үед гэсэн үг. Гуравдугаарт, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн бол гэдэг. Тодруулбал, тухайн хүнийг дуудсан цаг ирж бай гэхэд ирэхгүй алга болоод зугтаад байвал цагдан хорино. Эсвэл хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад Улаанбаатар хотоос гарч болохгүй гэсэн байхад дураараа гараад явчихсан тохиолдолд хорьж болно. Сүүлийн үндэслэл бол тухайн хүн шүүгч, прокурор, цагдаа, гэрч бусад хүмүүс болон өөрийнхөө амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол түүнээс хамгаалж цагдан хорьж байгаа. Энэ тохиолдолд тухайн хүн магадгүй гэмт хэрэг үйлдчихээд шоконд ороод амиа хорлох явдал гарахыг үгүйсгэхгүй. Ялангуяа санаатайгаар хүний амь нас хохироосон хэргүүд дээр цагдаа, прокурорууд сэжигтэн, яллагдагчийг баривчилсны дараа голдуу цагдан хорих арга хэмжээ авдаг. Дахиж хүний амь нас хохироох болон өөрийнхөө амь насанд аюул учруулах эрсдэл үүснэ гэж үздэг. Гэтэл энэ үндэслэлээр хүнийг цагдан хорьж байгаа мөртлөө тэр нь гадуур байхаас илүү аюултай нөхцөл байдалд оруулж хорьж болохгүй шүү дээ. Таны амь насыг хамгаалахын тулд цагдан хорьж байна гэснээ бүр халтай нөхцөл байдалд оруулах тохиолдол байна.

-Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хорих асуудлыг шүүх яаж үзэж байна вэ?

-Эрүүл мэндийн хувьд цагдан хоригдох боломжгүй тохиолдол байна. Тухайн хүн олон үе шаттай эмчийн хяналтад байдаг, нойтон чийглэг, агаар муутай газар байх боломжгүй. Дээрээс нь байнгын эм тариа хэрэглэдэг хүнийг цагдан хорих нь улам аюултай. Мэдээж Цагдан хорих 461 дүгээр анги дотроо эмнэлэгтэй, эмч нартай. Гэхдээ өнөөдөр манай улсад хорих анги байтугай улсын эмнэлгүүд хүртэл эмч нарын ур чадвар, техник тоног төхөөрөмж ямар билээ. Тэгэхээр хорих ангийн эмч нарын ур чадвар, анхан шатны тусламж үзүүлэх нөхцөл байдал маш хязгаарлагдмал байдаг нь ойлгомжтой.

Сүүлийн нэг жишээ дурдахад, хөдөлмөрийн чадавраа 80 хувиар алдчихсан нэг үйлчлүүлэгч надад бий. ОХУ-д хоёр удаа зүрхний хагалгаанд орсон, дахиад ч орох заалттай. чихрийн шижингийн хүнд хэлбэртэй, өдөрт хэдэн удаа тариа хийдэг, таягтай хүн. Байнгын эм тан ууж байдаг, цэвэр агаарт байх ёстой учраас гэр бүлээсээ тусдаа, хотоос гадна лагерийн байшиндаа амьдардаг. Холбогдсон хэрэг нь хүний бусдын биед гэмтэл учруулсан.

Хорих ангийн эмч нар "Энэ хүн энд байх ямар ч боломжгүй. Бие нь муудаад байна, амь нас нь эрсдэлд ороод байна. Долоо хоног ч энд байх аюултай" гэж хэлээд байхад цагдан хорьж байгаа асуудал юм.

-Тэгээд шүүх яагаад ийм хүнийг цагдан хориод байгаа хэрэг вэ?

-Дээр хэлсэн дөрвөн үндэслэл байгаа. Нэмээд нэг маш бүрхэг заалт байдаг. Доод тал нь найман жилийн ялтай хэрэгт холбогдсон хүн байвал тухайн хэргийн нөхцөл байдал болон тухайн хүний хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж цагдан хорьж болно гэсэн заалт.

Хувийн байдлыг харгалзан үзнэ гэдэг нь тухайн хүн нийгэмд ямар байр суурьтай байдаг юм, урьд өмнө нь гэмт хэрэгт орж, ял шийтгэл авч байсан уу. Зөрчлийн хуулиар торгууль хэр их хүлээж байв, хамт олондоо хэр үнэлэгдсэн, хувь хүн нь ямар хүн бэ гэдгийг харгалзан үзнэ гэсэн үг.

Гэмт хэргийн гарсан нөхцөл байдал гэдэг нь хүнийг онц харгис аргаар хөнөөсөн ч юмуу ямар нөхцөл байдалтайгаар үйлдсэн юм бэ, болгоомжгүйгээр хохироочихсон юм уу, эсвэл зориуд төлөвлөж байгаад үйлдсэн юм уу гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж байгаа юм. Нэг талаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулин дээр шүүгч, прокурор, мөрдөгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, дотоод итгэл үнэмшил гэдэг асуудал гарч ирээд байдаг.

-Хуулиар биш, үзэмжээр хүнийг цагдан хорино гэсэн үг үү?

-Гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал нь үнэхээр энэ хүнийг цагдан хорих нь аргагүй юм байна гэдэг дотоод итгэл үнэмшил шүүгчид төрж байна уу гэдэг асуудал руу орчихож байгаа юм. Шүүгчийн хувьд тэрхүү дотоод итгэл үнэмшил ямар байгаа юм бэ гэдгээс илүү субьектив ойлголт болчихоод байдаг. Энэ нөхцөл байдлыг шүүгч хэрхэн харж үзэж, үнэлж цагдан хорьж байгаа юм бэ гэдэг шууд тодорхой заагаад өгсөн зохицуулалт биш болоод явчихна. Тиймээс шүүгч, прукурор, мөрдөгчийн ур чадварт ямар нэгэн хөндлөнгийн нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах асуудалд нөлөөлөөд эхэлнэ.

Миний үйлчлүүлэгчийн хувьд дөрвөн үндэслэлийн аль нь ч байгаагүй. Сүүлд хэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал гэдгээр харгалзаад цагдан хорино гээд шийдчихсэн. Гэтэл тухайн хүний хувийн байдал болон эрүүл мэндийн асуудлаас шалтгаалаад цагдан хориход хүнд. Гэмт хэргийг гарсан нөхцөл байдлыг аваад үзэхээр тэр хүн өөрөө өдөж гэмт хэргийг бий болгоогүй, бүр нарийн яривал аргагүй хамгаалалт байж болох нөхцөл байдалтай. Өөрийнх нь орон гэрт нэвтрэх гэсэн үйлдлээс хамгаалж хариу үйлдэл хийснийхээ үр дүнд хүн гэмтээчихсэн. Гэхдээ энэ байдал цагдан хорих нөхцөл байдалд мөн юм уу гэхээр биш. Гэтэл шүүгч мөн гээд хорьчихож байгаа юм. Өөр нэг сонин зүйл байдаг.

-Ямар?

-Шүүхээс 30 хоног хорьж болно. 30 хоног дуусангуут дахин сунгах эсэх шүүх хурал болно. Ингээд явсаар байгаад зарим нэг тодорхойгүй, онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэргүүд дээр 24 сар хүртэл хорьж болдог. Дийлэнх хэргүүд дээр 18 сар хүртэл цагдан хорьдог. 30 хоног нь дуусчихаад дараагийн цагдан хорих асуудлыг шийдвэрлэхэд нөгөө цагдан хорих нөхцөл байдал арилсан байж болно шүү дээ. Тэгвэл суллах ёстой. Гэтэл манай шүүхийн практикт хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан үзэж хугацааг сунгадаг. Үнэндээ ээдрээ түвэгтэй байдал гэдгийг юу гэж үзэх юм бэ. Хэн яаж тайлбарлаад байгаа юм бэ. Энэ талаар тодрхойлсон ямар ч үг үсэг хуулинд байхгүй. Бид аргаа барахдаа Цэвэлийн толиос хүртэл эш татаад ээдрээ түвэгтэй гэдэг үг ийм үг байна. Энэ хэрэг бол ээдрээ түвэгтэй биш байна шүү дээ гэж хэлэх тохиолдол гардаг. Гэсэн ч цагдан хориг сунгаад явчихдаг асуудал байна.

-24 сараар хорих тохиолдол онц хүнд гэмт хэрэгтнүүдэд авдаг гэж ойлголоо. Гэхдээ сүүлийн үед хорих 461 дүгээр ангид залуус хөнгөн гэмт хэргээр олноор хоригдож байна, шүүх прокурор тэднийг мартчихсан, хэдэн сар жилээр ч сууж байна гэсэн мэдээллийг хоригдоод суллагдсан хүмүүс ярьдаг болоод байгаа?

-Мэдээж Үндсэн хуулинд зааснаар хүн бүр хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлүүлэх, халдашгүй байх эрхтэй. Цагдан хорих бол хүний халдашгүй байдалд нөлөөлж байгаа нэг арга хэлбэр.

Би түрүүн хэлсэн статистик тоо бол шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамаагүй багассан. Өмнө нь бол бүр замбараагүй байсан гэсэн үг. Одоо бол болж бүтэхгүй байна гэж хэлж болохгүй, дэвшилттэй зүйл бий. Гэхдээ үүнээс ч илүү дэвшилттэй, хүний эрхийг дээдэлж явж болохоор байхад тэр боломжийг ашиглахгүй байна. Миний үйлчлүүлэгчид дунд олон сараар цагдан хоригдож байсан тохиолдол цөөн. Цөөн тооны хүмүүсийг улс төрийн зорилгоор цагдан хорьж байсан.

Мэдээж хууль зүйн туслалцаа авч чаддаггүй хүмүүс олон байгаа. Өмгөөлөгч авах зардал мөнгө байхгүй, эсвэл тэр эрхээ мэддэггүй хүмүүс бий. Цагдан хоригдсон хүний араас үндэслэл гаргаад араас нь хөөцөлдөөд суллуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол манай өмгөөлөгчид. Өмгөөлөгчгүй тохиолдолд прокурор цагдан хорих саналаасаа татгалзаад, өөр таслан сэргийлэх арга хэмжээ авъя гэвэл суллах магадлалтай. Эсвэл шүүгч хараад "Одоо энэ хүнийг цагдан хорих шаардлагагүй юм байна" гэвэл бас суллах магадлалтай. Нөгөө талд нь энэ хүнийг цагдан хорих ямар ч үндэслэл алга гэж мэтгэлцэх хүн байхгүйн улмаас цагдан хоригдоод яваад байхыг үгүйсгэхгүй.

-Цагдан хорих нь хүний сэтгэл зүйд их хүнд тусдаг гэж ярьдаг. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хоригдох нь зүй ёсных. Магадгүй хилс таны ярьснаар цагдан хорих үндэслэл баталгаатай, хөдөлшгүй байх ёстой. Гэвч баталгаа шүүх дээр хангагдаж чадаж байна уу?

-Сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд нөлөөлдөг гэдэг нь тодорхой. Ойлгомжтой байж магадгүй нэг жишээ хэлэхэд, цаазаар авах ял байх ёстой, байх ёсгүй гэж яригдаад байдаг. Байх ёсгүй гэдэг үндэслэлүүд дотор нэг чухал үндэслэл байдаг. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цаазаллаа, хормын төдийд бүх зовлонгоосоо ангижирна. Ямар нэгэн үүрэг хариуцлага сэтгэл зүйн хувьд хүлээхгүйгээр дуусчихаж байгаа юм. Харин хорьж байна гэдэг цаазлахаас илүү тухайн хүнд хэцүү ял байдаг. Асар хүнд байдалд удаан хугацаанд ордог учраас хийсэн гэмт хэргийнхээ шийтгэлийг бодитоор хүлээж байгаа хэлбэр гэж үздэг.

Нөгөө талаасаа нийгэмд ч гэсэн цаазаар авахад нэг удаа шуугиад л өнгөрнө, харин хоригдоод байгаад байна гэдэг гэмт хэрэг үйлдэж болохгүй юм байна гэдэг ойлголтыг бодитоор харуулдаг. Тэр байтугай гянданд ганцаараа нэг өрөөнд ялаа эдлэхэд таван жил тэсч гарахад хэцүү гэдэг. Тэр хугацаанд сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтад орж амь насаа алддаг. Бидний үйлчлүүлэгчдийн хувьд цөөн тооны сэтгэл зүй өндөртэй хүмүүс цагдан хориог маш тайвнаар даван туулаад гараад ирдэг. Турж эцсэн, өвдөж зовсон зүйл бага. Гэтэл дийлэнх нь цагдан хоригдлоо, шууд сэтгэл зүйн хямралд орж, долоо хоногийн дотор өвдөөд, эцэж тураад маш хүнд байдалд ордог. Гэтэл нөгөө хүн маань гэм буруугүй гэж тогтоогдож болно. Шүүхээс гэм буруутайг тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэчихээд тэр хүнийг хориод байна гэдэг эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд нөхөж болохгүй хохиролд оруулж байгаа юм. Ийм учраас тухайн хүнийг цагдан хорих асуудал дээр маш үндэслэлтэй хандах ёстой.

-Шүүх байгууллага дотоод итгэл үнэмшлээр биш, хуулийн зүйл заалтаар хүний эрхийг хязгаарлах явдал, цаашлаад хөдөлшгүй нотлох баримтаар хандахын тулд яах ёстой юм бэ?

-Төрийн эрх мэдэл хуваарилах онолынхоо хүрээнд аваад үзэхэд шүүх бол УИХ-аар батлаад өгчихсөн хуулийг л хэрэглэнэ. Нэн тэргүүнд УИХ өөрөө хүний эрхийг зөрчихгүй байж болох хамгийн дээд түвшинд хамгаалахад ямар эрх зүй, хууль дүрэм журамтай байх ёстой талаар хууль тогтоомжоо маш нарийн тооцоо судалгаатай батлах шаардлагатай. Алдаа дутагдал мэдээж гарна, тэр үед нь засаад явж байх ёстой.

Манайд хууль баталж байгаа процессын хувьд харахад Хууль тогтоомжийн тухай хууль баталчихсан. Гэтэл хууль батлахдаа энэ хуулиа дагаж мөрдөж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хоёрт, Нийтийн сонсголын тухай хууль гэж байгаа. Энэ хуулиа баримталмаар байна. Жишээ нь, хууль батлагдаад таван жилийн дотор тухайн хуулийн үр дагавар ямар байна, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг тал нь юу байна вэ. Энэ бүгдийг УИХ дээр иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж сонсгол хийх ёстой. Гэтэл өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль батлагдаад долоон жил өнгөрч байна. Энэ чухал хоёр хууль дээрээ нийтийн сонсгол хийхгүй л байна шүү дээ.

-Тэгсэн хэрнээ нэмэлт өөрчлөлт хийгээд байгаа..

-Тийм. Мөн тухайн хуулийг хэрэглэж байгаа цагдаа, прокурор, шүүх маань өөрөө мэргэжлийн байж, хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр хэргийг шийддэг баймаар байна. Нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргадаг байх ёстой. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсийнхээ мэдлэг, ур чадварыг сайжруулах ёстой. Цагдаа, прокуророо бэлддэг сургалтын системээ сайжруулмаар байна.

Тэр байтугай шүүхийн дэд бүтцийг ч анхаарах цаг болсон. Хотын төвд байгаа шүүх нь подвальд байрлаж байх жишээтэй. Иргэд ороод үйлчлүүлэх боломж алга, өмгөөлөгч ороод хэргийн материалтай танилцах өрөө тасалгаа байхгүй. Хурлын танхим хангалтгүйгээс шүүх хурлууд давхцахад хүлээлт үүсдэг. Шүүхийнхэн хурал онлайнаар хийе гэхээр сард 40 мянган төгрөг төлөөд зүүм аппликэйшний лиценз авах чадваргүй байна шүү дээ. Хурал болдог, 40 минут болоод л "Үнэгүй эрх нь дуусчихлаа" гээд л тасраад, дахиад л үргэлжлэх хэрэг гарна. Цагдан хорих 461 дүгээр ангиас яллагдагч, өмгөөлөгч онлайнаар оролцох болоход тэнд ярьж байгаа хүний яриа сонсогдохгүй, энд байгаа өмгөөлөгчийн яриа сонсогдохгүй. Ийм байж яаж хүний эрхийг хангах вэ.

Тийм учраас бүх юмыг цогцоор нь сайжруулах шаардлагатай. Ганц бодлогын хууль өөрчлөөд нэмэргүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button