Х.Батжаргал: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн зохицуулалтын ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай тус яамны чиг үүрэг болоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярилцлаа.

 

-Манай улс салбар бүрийн асуудлыг хариуцсан яамдтай. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэг ямар байх вэ гэдэг нь  анхаарал татаж байна. Одоо байгаа яамдын ямар хоосон орон зайг нөхөх юм бэ?

-Эдийн засаг, хөгжлийн яам нь Үндэсний хөгжлийн газрын суурин дээр байгуулагдсан учир тус газрын үйл ажиллагааг яамны түвшинд өргөжүүлэн, улсын болон үндэсний хэмжээнд салбар дундын хөгжлийн бодлого, уялдааг нэгдсэн бодлогоор хангаж ажиллана. Тухайлбал, салбарын яам дангаар шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг нэгдсэн бодлого, бусад салбарын бодлоготой уялдуулж, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх арга хэмжээг авах юм. Үйлдвэрлэл, худалдаа, хилийн боомт, тээвэр логистик, санхүүжилт, дэд бүтэц, байгаль орчны асуудал нь бүгд хоорондоо харилцан хамааралтай.  

Жишээлбэл, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын томоохон хөгжлийн төслүүдийн хэрэгжилт нь ихэвчлэн хэд хэдэн салбараас харилцан хамаарахаар байгаа. Иймээс нэг салбарын асуудал шийдэгдэхэд нөгөө нь хоцорч болохгүй учир цогцоор нь харж шийдвэрлэх хэрэгцээ үүсэж байна.

Тэгэхээр яамдын бодлогын уялдаа холбоог хангах, дэд бүтцийг шийдвэрлэх, нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах нь  манай яамны голлох үүрэг юм.

Олон улсын туршлагаас харсан ч нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцах төрийн захиргааны төв байгууллага зайлшгүй байдаг. Тухайлбал, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо улсынхаа хөгжлийг 100, 100 жилээр төлөвлөж, Засгийн газраа чиглүүлээд ажилладаг.  Мөн ОХУ, Япон, Солонгост Эдийн засаг, худалдаа, хөгжлийн яам байдаг.

-Одоогоор танай яам 10 газар, найман хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр газар тус бүр ямар асуудлыг хариуцах вэ?

-Эдийн засаг, хөгжлийн яам гэдэг нэрнээсээ манай яамны анхаарлаа хандуулах нэг асуудал нь хөгжлийн бодлого, нөгөө нь эдийн засаг  юм. Эдийн засгийн асуудлуудыг нэгдсэн бодлогоор зангидах гол суурь үзүүлэлтүүдээ гаргах, эрсдэлийг удирдах, төлөвлөх, анализ хийх газар нь Макро эдийн засгийн бодлогын газар юм. Дэргэдээ төлбөрийн тэнцлийн нэгжтэй байна. Төлбөрийн тэнцэл дээрээс худалдааны бүх дата мэдээллээ нэгдсэн байдлаар харж, тэр бүхэн дээрээ үндэслэж дүгнэлт хийгээд Засгийн газарт танилцуулж, холбогдох шийдвэрийг шуурхай гаргаж ажиллана. Харин Хөгжлийн нэгдсэн бодлогын газар нь салбар дундын уялдааг хангах, бүс, орон нутгийн хэмжээнд бодлого шийдвэрийг уялдуулах, урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийг боловсруулах чиг үүрэгтэй ажиллана.

Хилийн боомтын хөгжил, Чөлөөт бүс  бол энэ цаг үед хамгийн чухал асуудал юм. Тиймээс хөгжлийн зангилаа болсон асуудлуудыг шийдвэрлэхэд Хилийн боомтын хөгжил, Чөлөөт бүсийн газар ажиллана. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хавсралтаар  баталсан хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн зохистой оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал байгаа. Үүнийг зохицуулах төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан нэгж Хөрөнгө оруулалтын газарт ажиллана.

Мөн Хөрөнгө оруулалтын газарт төслийн санхүүжилтийг оновчтой тодорхойлох үүрэгтэй нэгж бусад яамтайгаа хамтран ажиллана. Хөгжлийн санхүүжилтийн бодлогын газар нь хөгжлийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж, Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох зээл, тусламжийн бодлогыг боловсруулж ажиллана. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газар гэсэн бие даасан нэгж нь худалдаа, бусад улс оронтой хийх эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлж, төлөвлөлтийг хийнэ.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зургаан  цогц асуудлыг шийдвэрлэхээ Засгийн газраас зарласан. Үүний нэг нь Төрийн бүтээмжийг сайжруулах юм. Энэ чиглэлд төрийн хүнд суртлыг арилгахад хэрхэн анхаарах вэ?

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, зохион байгуулалт, зохицуулалтыг хангах гол ажил Эдийн засаг, хөгжлийн яаман дээр өрнөж байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцыг холбогдох яамдын хамтаар танилцуулан ажиллаж байгаа.

Засгийн газраас нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, хөгжлийн  зургаан хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлсон. Хөгжилд саад болж байгаа гол бэрхшээлүүдийг шийдвэрлэхгүйгээр хөгжлийн бусад асуудлыг ярих боломжгүй юм.

Эдгээрээс төрийн бүтээмжийг сайжруулах нь суурь асуудал гэдгийг судалгааны явцад тодруулсан. Эдийн засгийн өсөлтөд төрийн оновчтой бодлогын хажуугаар зөв зохицуулалт, хувийн хэвшлийн нээлттэй, ил тод оролцоо, түүнийг дэмжсэн бодлого хэрэгтэй.

Цаг агаарын онцлогоос шалтгаалаад бүтээн байгуулалтыг өвөл хийж чаддаггүй. Уг нь өвлийн улиралд бүх төлөвлөлтөө хийгээд тендерээ зарлаад хаврын дулаан цагт бүтээн байгуулалтаа эхлүүлээд намар дуусгадаг эрх зүйн зохицуулалт хийх нь зүйтэй. Тендер зохион байгуулахад цаг их алддаг. Үүнийг илүү ухаалаг болгохын тулд эрх зүйн зохицуулалтуудаа сайжруулах, “Цахим үндэстэн” хөтөлбөрөө эрчимжүүлэх шаардлагатай. Ингэснээр олон үе шаттай үргэлжилдэг үйл явцыг цахимжуулж, ил тод болгож, хүнд суртлыг арилгах, авлигын индексийг бууруулах олон талын үр ашигтай.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамаар ахлуулсан хэд хэдэн хуулийн шинэчлэлийн ажил хийж байна. Олон дамжлагтай, давхардсан зөвшөөрлийн тоог цөөлөх, үе шатыг цахимжуулах нь чухал. Ямар нэгэн албан тушаалтан тухайн бичиг баримтыг үндэслээд зөвшөөрөл өгдөг биш хиймэл оюун ухаанд суурилсан технологиор хянаж үзээд шаардлага хангаж байвал зөвшөөрлийг цахимаар баталдаг байхаар хуульчилна. Ингэснээр аль нэг албан тушаалтны үүдийг сахиад суудаг байдал арилна. Эрх зүйн шинэтгэлийг хийгээд түүнийгээ хэрэгжүүлэх эрх зүйн асуудлаа тодорхой болгох  шинэтгэлийг цогцоор нь хийснээр биелэлт нь бүрэн хангагдана.

-Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь хүнд суртлыг бууруулах нэг хэлбэр үү?

-2022 оны Төсвийн тухай хууль батлагдах үед төсвийн шинэчлэлийн тухай асуудлыг Засгийн газар дэвшүүлж, хуульдаа тусгасан. Төр өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлдэг зарим нэг арга хэмжээг хувийн хэвшил рүү, зарим тусгай зөвшөөрлийг хариуцах байгууллага нь мэргэжлийн холбоод байх нь оновчтой гэж үзсэн. Том зургаар харвал төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулаад Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Аливаа нэгэн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг төсвөөс ямар нэгэн санхүүжилт шаардахгүйгээр хувийн хэвшил өөрийнхөө санхүүжилтээр төртэй гэрээний үндсэн дээр хийх болон бусад олон төрлийн нөхцөл боломж эрх зүйн орчныг энэ хуулиар зохицуулна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангахын тулд төрийн оролцоог багасгаж, төрийн зохицуулалтыг илүү ухаалаг хийх чиглэл рүү эрх зүйн зохицуулалт, цахимжуулалтыг эрчимтэй хийгээд явж байна. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудад хариуцуулах, төр хяналтаа тавьдаг тогтолцоо руу үе шаттай шилжинэ.

-Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлнэ гэж “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. Энэ хүрээнд юу хийж хэрэгжүүлэх вэ?

-Ерөнхий сайдаар ахлуулсан Авлигын эсрэг үндэсний хороо байгуулагдаад авлигын индексийг бууруулахаар үр дүнтэй ажлуудыг хийгээд эрчимтэй ажиллаж байна. Харин яамдын зүгээс бодлогын хүрээнд эрх зүйн шинэчлэлийг хийнэ. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, чангатгах зохицуулалтыг хийхээр Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна.  Авлига юунаас болж үүсээд байгааг онош дээр тулгуурлаж бодлогоо тодорхойлох нь чухал. Иймээс олон шаттай төрийн хяналт, шалгалт, төлөвлөгөөт шалгалтуудын тоог багасгаж иргэд, аж ахуйн нэгжийн ажиллах боломж бололцоог хангахад илүү анхаарч ажиллахаар байгаа. Ямар нэгэн зөрчил гараагүй байхад шалгадаг  нь зохистой биш гэж үзсэн. Хүнд суртал, тодорхой биш байдал, ил тод биш байдал төрийн бүтээмжийг сулруулахад нөлөөлж байна.

-Гадаадаас татах хөрөнгө оруулалтын чиглэлд хэрхэн анхаарах вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулагчийн хөрөнгө нь яаж хамгаалагдах уу, үйл ажиллагаа нь яаж тогтвортой явах уу, шинээр хөрөнгө оруулалт татахад ямар боломж, урамшуулал нэмэгдэхээр байна гэдгийг хэлэлцэхээр болсон. Манай улсын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг уул уурхай дангаараа эзэлж байна. Тиймээс бусад салбараа хөгжүүлэхэд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. “Эдийн засгийн форум” цар тахлаас шалтгаалаад сүүлийн хоёр жил болоогүй. Энэ жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийж, олон улсын хөрөнгө оруулагч, хөгжлийн түншүүдэд бодлогоо танилцуулж, зургаан сэргэлт тус бүрээр юу хийх нэгдмэл ойлголтыг өгөхөөр төлөвлөөд байна.

-Хилийн боомтуудаа хөгжүүлэх замаар эдийн засгаа дэмжих тал дээр танай яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Хилийн боомтоос шалтгаалсан сорилтуудтай бид нүүр туллаа. Дунд хугацаандаа хилийн боомтынхоо нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, боомтуудаа хөгжүүлсэн дэд бүтэц, замуудыг холбох хэрэгтэйг тод харуулсан хоёр жил өнгөрлөө. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Үйлдвэрлэл, экспортоо нэмэгдүүлэхийн сацуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалах бодлого чухал. Үүний дараагаар худалдаа үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд дамжин өнгөрөх боомтууд  чухал. Боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхтэй зэрэгцээ тээвэрлэлтийн  асуудлыг цогцоор шийдвэрлэх ажил хийнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button