ФАТФ-д нам зуугдсан уу
Хөгжлийн банк тойрсон асуудал тун удахгүй дуусаж, цэгцэрнэ гэх хүлээлт олны дунд бий. Гэтэл уг асуудал удах тусмаа өөр олон нууц ил гаргах бололтой гэх хардлага бий болчихлоо.
Хардах шалтгаан нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хэлснээс үүдэлтэй. Учир нь тэрбээр өнгөрөгч 7 хоногт Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орох хэлэлцээрийг тухайн үед хийж байсан. Ийм учраас бид доноруудаа алдахаас сэрэмжилж Хөгжлийн банкны алдаатай зүйлүүдийг дурдаагүй. Хэрэв дурдсан бол тэр хөтөлбөрт ороход эрсдэл үүсэх байсан. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг нууцалж явсан” гэх утга бүхий зүйл ярьчихсан. Ёстой ам алдвал барьж болдоггүй гэж энэ.
Уг нь Хөгжлийн банкны зориулалт нь тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, буюу Монгол Улсыг хөгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх учиртай. Тийм ч учраас бие даасан хуулиар зохицуулагддаг. Гэтэл санхүүжилт авсан томоохон төслүүд нь төсөвт өртгөө дур зоргоороо нэмэгдүүлсэн, тооцооллоо буруу хийсэн, өөрсдийн цалин хөлсөө дур мэдэн нэмсэн зэрэг асуудалтай болсон байсан гэж байгаа.
Товчхондоо бол “Шинэ Яармаг”, “Шинэ төмөр зам”, “Гудамж”, “Таван толгойн цахилгаан станц” зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлсэн гэх боловч тэдгээр төслүүдийн удирдагч нар нь итгэл эвдсэн гэсэн үг.
Гэсэн ч муу зүйлээ “ХАВ ДАРЖ” байгаад Олон улсын валютын сангийн хөтөлбөрт 3 жилийн хугацаатай хамрагдаж 434 сая гаруй ам.долларын зээлийн санхүүжилт авчихсан гэдгээ эрхэм сайдтан ам алдсан нь тэр.
Улс эх орны тусын тулд ийм ажил хийлээ гэж харж болох талтай ч Хортой зүйл. Учир нь булавч бултайлгийн үлгэрээр нь сайдын мэдээлэл ОУВС-гийн чихэнд хүрч л таарна. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкнаас зээл авсан нөхөд үүнийг овжин ашиглаж, “Хэрэв зээ өр төлүүлэх гэж оролдвол сөрсөн базаа хийнэ” гэх маягаар хандах өнгө аяс ч харагдаад явчихлаа.
Тухайн үеийн Засгийн газрын гаргасан энэ шийдвэр өдгөө маш том алдаа. Хэрэв тэр үед ОУВС, ФАТФ гэж чичрэлгүйгээр байдгаараа байж байсан бол өнөөдөр Монгол Улс арай өөрөө сэтгэж, арай өөрөөр харж, бас хөгжих байсан байж ч мэднэ.
Товчхондоо бол санхүүгийн хориг арга хэмжээнд орчихсон байсан бол Монгол Улсын өр дахин зузаарахгүй байсан гэсэг үг. Тэр үедэээ ФАТФ-ын саарал жагсаалтаас маш хурдтайгаар гарчихлаа гэж хөөрцөглөж байсан бол одоо ёстой хорхой идсэн араанд нь нам зуугдчихсан дүр зураг харагдаад явчихлаа. Одоо тэгээд яах уу, бүгдээрээ.