ГССҮТ-д хандаж байгаа хоёр хүүхэд тутмын нэг нь гэртээ бэртэж байна

Монгол Улсад хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх хөсөр хаягдсан. Хүүхдийн осол гэмтэл, нас баралттай холбоотой тоо баримтыг харвал цочирдом дүр зураг гарч ирнэ. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 1817 хүүхэд гэмтэж, 166 хүүхэд нас баржээ. Тодруулбал, 2019 онд 49, 2020 онд 61, 2021 онд 51 хүүхэд амиа алдсан байна. Тэгвэл дээрх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 157000 хүүхэд бэртэж гэмтэн эрүүл мэндийн тусламж авчээ. Үүний 83000 буюу хоёр хүүхдийн нэг нь хамгийн аюулгүй, амар тайван байх учиртай гэр бүлийн орчиндоо эрсдэлд орж, гэмтсэнийг мэргэжлийн байгууллага анхаарууллаа. Тиймээс нэн түрүүнд хүүхдийн эрхийн зөрчил, аваар осол гэхээс илүү эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ анхаарал тавих, гэрт нь аюулгүй байдлыг нь хангах нь чухал байгаа юм.  Албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.

 

\Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх газрын дарга, дэд хурандаа Б.Очирбат: 51 ХҮҮХДИЙН 14 НЬ ХАШААНДАА ТОГЛОЖ БАЙГААД ЭНДСЭН

 

-Сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослоор 1981 хүүхэд хохирч, 166 хүүхэд нас барж 1817 бэртсэн байна. Зам тээврийн ослын шалтгааныг тодруулбал эцэг эхчүүд хараа хяналтгүй хүүхдээ замын хөдөлгөөнд оролцуулснаас үүдэлтэй. Өнгөрсөн онд ослоор нас барсан 51 хүүхдийн 14 нь гэр болон хашаандаа тоглож байгаад нас барсан. Нийт ослын 34.7 хувийг эзлээд буй 0-6 нас хүртэлх  хүүхдийг эцэг эхчүүд машинаар гарахдаа ойролцоо тоглож байсан хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон байдаг. Хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан хэдий ч уг тоо нь буураагүй. Мөн дийлэнх хүүхэд орон нутгийн замд нас барсан байна. Шалтгаан нь хамгаалах суудал болон бүс ашиглахгүй, эцэг эхчүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодож байгаатай холбоотой.

 

\ОБЕГ гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Хадбаатар: ГАМШИГ ОСЛООР 145 ХҮҮХЭД НАС БАРСАН

 

-Улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдлээс болж сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 853 хүн нас барсан байна. Үүнээс 145 нь бага насны хүүхэд байна. 2019 онд 12 хүүхэд гал түймэрт, үер усны ослоор есөн хүүхэд, өндрөөс унаж хоёр хүүхэд нас барсан байна. 2020 онд гал түймэрт 25 хүүхэд, усны ослоор 31 хүүхэд, өндрөөс унаж хоёр хүүхэд нас барсан бол 2021 онд галт түймэрт 23 хүүхэд, үер усанд 22, өндрөөс унасан гурав, бусад шалтгаанаар 14 хүүхэд нас барсан гэх харамсалтай тоо байна. Эдгээр нас баралтын шалтгаан нь эцэг эхчүүд дулааны улиралд хүүхдээ хараа хяналтгүй орхих, архи согтууруулах ундаа уух зэргээс болж байгааг тогтоосон.           

 

\ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн албаны дарга Б.Одгэрэл:  83 МЯНГАН ХҮҮХЭД ГЭРТЭЭ БЭРТСЭН

 

-Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтийг харвал 157 мянган хүүхдээс 83 мянга нь  хамгийн аюулгүй амьдрах ёстой гэртээ осолд, гэмтэлд өртсөн байна. Үүнээс 333 хүүхэд нь эндсэн. 2019-2021 оны хооронд ахуйн осол гэмтлийн тоо байнга өссөн. Тодруулбал, 2019 онд 24 мянга, 2020 онд 28 мянга, 2021 онд 29 мянган хүүхэд гэртээ гэмтэж бэртсэн байна. Мөн эдгээр хүүхдүүдийн 40.1 хувь нь тархины гэмтэл авч байна. 0-18 насны хүүхдүүдийн гэртээ нас барах шалтгааны хамгийн эхэнд амьсгал боогдох орж байна. Ахуйн осол 50 гаруй хувийг эзэлж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаагийн шинж. Тухайн гэр бүлийн хүүхдийн аюулгүй байдлыг сайжуурлахад эцэг эхийн оролцоо чухал байна. Ялангуяа орон сууцны айлууд бага насны хүүхдээ хамгаалж цонхондоо хамгаалалтын тор хийх нь зүйтэй.

 

\НЭМҮТ-ийн Эрүүл мэндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа:  АМИА ХОРЛОЛТЫН 69.2 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БАЙНА

 

-Гадны шалтгаанаас улбаалан амиа хорлолт ихэсч байна. Үүнийг задалж үзвэл 69.2 хувь нь эрэгтэй хүүхэд байгаа нь эрэгтэй хүүхдийн эрүүл мэнд маш чухал гэдгийг харуулна. Мөн зам тээврийн ослын улмаас 51 хүүхэд буюу нэг анги тэр чигтээ алга болж байгаа нь харамсалтай. Үүнийг ч бас хүйсээр нь авч үзвэл эрэгтэй хүүхэд байгаа. Хүйсийн хувьд зам тээвэр, ахуйн осол гэх мэт нь эрэгтэй хүүхдэд илүүтэй зонхилж байна. Жендерийн мэдрэмжтэй байж эмэгтэй, эрэгтэй гэлтгүй өсвөр насны эрэгтэй хүүхэддээ анхаарах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Эрэгтэй хүний дундаж наслалтыг уртасгахын тулд бага наснаас нь дэмжиж, тусалж, ярилцаж байж насанд хүрсэн эрэгтэй хүнийг бий болгоно.

 “Зууны мэдээ” сонин

С.Уянга

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button