Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэллээ. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг өгөв.

 Нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын арга хэмжээг Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар,  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус байгууллагууд Улсын Онцгой комиссын 2022 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дугаар  албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар,  Нийслэлийн Онцгой комиссын даргын 2022 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд 2022 он гарсаар ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 15 дуудлага мэдээллийн дагуу  Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажилласан. Түүнчлэн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээлж байгаа юм. Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button