Цахилгааны шөнийн хэрэглээний төлбөр ирэх сараас энгийн тарифаар тооцогдоно
"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын дагуу гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг. Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд уг хөнгөлөлтөд хамрагдана. Энэ дагуу ирэх сарын 01-нээс гэр хорооллын иргэд цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрөө энгийн тарифаар төлж эхэлнэ.
Оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгааны хэрэглээнд тооцогдох хөнгөлөлт:
-220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
-380В-ын хүчдэлийн түвшиньтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
-Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь гэх байдлаар хөнгөлсөн
Сүүлийн гурван жилийн хугацаанд 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.
С.Цог