Хөгжлийн банкны хэрэг дээр 11 мөрдөгч, таван прокурор ажиллаж байна
Хөгжлийн банктай холбоотой хэргийн явцын талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан долоон хэргээс хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Тухайлбал:
Н.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол “НВЦ” ХХК-ийн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд прокурорт буцаасан. Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар ахлуулсан 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн нийт 5 прокурор хяналт тавин ажиллаж байна.
Одоо хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дээрх 41 хэрэгт нийт 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон болон зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 12 хэрэгт Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд болох 14, зээл авсан аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан 8, нийт 22 хүнд холбогдуулан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, "Хахууль авах", "Хахууль өгөх", “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр Монгол улсын Хөгжлийн банкны 7 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтанд тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхээс 11 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжид учирсан хохирлоос одоогоор 107,360,311,183 /нэг зуун долоон тэрбум гурван зуун жаран сая/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй 41 хэрэгт гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан” гэсэн мэдээллийг өглөө.
Зууны мэдээ
С.Саруул