АН: Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналыг Засгийн газарт хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад Украйн улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах тухай санал хүргүүллээ.

Тэрээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа байхаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украйн улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна.

Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй байх.

Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украйны Засгийн газрын тэтгэлгээр 100-гаад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас цаашид суралцах боломжгүй болон эх орондоо ирсэн оюутнуудын хичээл сурлагыг нь тасалдуулахгүй байх, цааш үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах тал дээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсч байгаагаа дурдсан байна.

\

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button