ХЗБХ: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.23) хуралдаан 9 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Л.Мөнхбаатар гишүүн хуралдааныг даргалав.

  

Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Засгийн газраас 2022 оны гуравдугаар 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

    Бүртгэлийн ангилалыг тогтоох, үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулдаг 5 бүлэг, 24 зүйл бүхий Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018 онд батлагдсан. Уг хууль батлагдсанаас хойш нэмэлт, өөрчлөлт ороогүй гэдгийг төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав. 

    Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1 дэх заалтад заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгахаар, үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоожээ.

    Мөн иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зааж байгаа аж. Түүнчлэн энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан нэр томьёог жигдлэх зорилгоор Иргэний улсын бүртгэлийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Газрын тухай, Галт зэвсгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болно. Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар тогтоожээ.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Х.Нямбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав.

    Төслийн хүрээнд иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг өөрчлөх, иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгахаас өөр ямар өөрчлөлт орж байгааг Н.Алтанхуяг гишүүн тодруулсан.

Иргэнтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг нэгтгэн, их өгөгдлийн сан бүрдүүлэх ба энэ их өгөгдлөө 12 орон бүхий тоотой холбож, шаардлагатай тохиолдолд банк, даатгалын байгууллага болон бусад байгууллагатай тодорхой хяналт дор хуваалцах гэх зэргээр ашиглах боломж бүрдэж байгаа гэв. Төслийн хүрээнд иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг өөрчилж чипэнд суулгах ба үүний хамт 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд хийгдэх иргэн бүрд олгох тоон гарын үсгийг мөн чипэнд суулгахаар төлөвлөөд ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өглөө.

Монгол Улсын иргэний бүртгэл, татвар, боловсрол, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гэх зэрэг бүх төрлийн мэдээллийг нэгтгэн их өгөгдлийн сан бүрдүүлсний дараах хадгалалт, хамгаалалтын асуудлыг Б.Энх-Амгалан тодруулахад, Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд онц чухал мэдээллийн дэд бүтцийн тоонд эл их өгөгдлийн сан орж байгаа тул Тагнуулын ерөнхий газар, холбогдох бусад байгууллагатай хамтран аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Түүнчлэн тус мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, бусадтай хуваалцах нөхцөлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаарын олголтын талаар Д.Ганбат гишүүн тодруулав. 2009 онд хурууны хээний бүртгэл хийж эхлэх үеэс иргэдэд энэ төрлийн бүртгэлийн дугаарыг олгож эхлээд өдгөө 2 сая гаруй иргэнд олгоод байгаа бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар шинээр төрж буй хүүхэд бүрд олгодог болсон байгаа гэв. Харин Монгол Улсад зорчиж буй гадаад иргэн хилээр нэвтрээд бүртгүүлэх үед 13 орон бүхий бүртгэлийн дугаар үүсч байгааг мөн дуулгасан. Иргэний бүртгэлийн дугаар олголттой холбоотой тусгай зардал, чирэгдэл үүсэхгүй, тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд иргэд тоон гарын үсгээ авахдаа дээрх бүх үйлчилгээг хамтад нь авна гэдэг мэдээллийг өгсөн. Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд 126 төрлийн 700 орчим үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд тоон гарын үсгийг иргэн бүр авч, төрийн үйлчилгээ цахимжсанаар 122 төрлийн үйлчилгээг иргэн гар утас, цахим төхөөрөмж, ТҮЦ машинаас авах боломжтой болж байгааг онцолж мэдээлсэн. Харин хориг, гэрлэлт, хурууны хээний шинэчилсэн бүртгэл, харьяат болох болон харьяатаас гарахтай холбоотой дөрвөн төрлийн үйлчилгээг л улсын бүртгэлийн байгууллагад биеэр очиж авдаг болох аж.

    Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа Б.Энх-Амгалан гишүүн илэрхийлсэн ч төрийн байгууллагууд цахим орчин дахь мэдээллийн системийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн хангаж чадахгүй, боломжгүй байгаа тул иргэний бүх мэдээллийг нэг санд нэгтгэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийг цахим орчинд нэгтгэх, нэг санд төвлөрүүлэхдээ нэн болгоомжтой байх ёстойг анхааруулж байсан юм. Д.Цогтбаатар гишүүн, төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, хүнд сурталгүй болгох гэж байгаа ч гэсэн тооцоолоогүй бэрхшээл, хүндрэл гарч байгаа талаар мэдээлэл өглөө. Засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой бүртгэлтэй холбоотой үйлчилгээг тухай бүрд өрхийн хаалганд, эсвэл гараас гарт хүргэж байх шаардлагатай гэдэг саналыг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ.

    Гишүүд ийнхүү үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.9 хувь нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button