Геронтологийн үндэсний төвийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахтай холбоотой асуудлаар хугацаатай үүрэг өгөв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар (2022.03.28) Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох талуудын албан тушаалтнуудтай уулзлаа.
Геронтологийн үндэсний төвийн барилгын ажил 2011 оноос хойш зогссон учир ийнхүү холбогдох талуудыг байлцуулан мэдээлэл авсан. Барилгын шавыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 онд тавьсан бөгөөд энэ хугацаанд зураг төсөл нь гурван удаа өөрчлөгдөж, төсөвт өртөг нь нэмэгджээ. Хамгийн сүүлд 2019 онд зураг төслийг шинэчлэхэд төсөвт өртөг нь 17.3 тэрбум төгрөг болсон байна. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа бөгөөд ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай ч энэ санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгаагүй талаар мэдээллийг ажлын хэсгийн гишүүд авсан.
Ингэснээр барилгын захиалагч Эрүүл мэндийн яаманд барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахад шаардагдах дүгнэлт, шинжилгээ хийх ажлыг Барилгын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах хугацаатай үүрэг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.