Япон Орос руу тансаг хэрэглээний бараа экспортлохыг хориглов
Японы Засгийн газар Орос руу тансаг зэрэглэлийн бараа, тэр дундаа дээд зэрэглэлийн автомашин, үнэт чулуу экспортлохыг хориглоно гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны тэргүүн Коичи Хагиуда хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Засгийн газрын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн ОХУ-д дээд зэрэглэлийн автомашин, үнэт чулуу, үнэт эдлэл зэрэг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглож байна" гэж тэр хэллээ. Токио Москвагийн эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ авсан.
Тодруулбал, Оросыг худалдааны хамгийн таатай улсаас хасаж, хагас дамжуулагч, радар, мэдрэгч, лазер, холбооны хэрэгсэл, бичлэгийн төхөөрөмж, тэдгээрийн эд анги, программ хангамж, тракторын эд анги, агаарын хөлгийн хийн турбин хөдөлгүүр ба тэдгээрийн эд анги, газрын тос боловсруулах тоног төхөөрөмж гэсэн 275 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг энэ сарын 18-наас экспортлохыг хориглов. Токиогийн хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-аас 101 хүн, 130 хуулийн этгээд багтсан байна. В.Путины хэлснээр Оросыг хязгаарлах, сулруулах бодлого нь барууны урт хугацааны стратеги. Хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт ноцтой цохилт болсон гэв. Түүний хэлснээр барууныхны гол зорилго бол олон сая хүний амьдралыг дордуулах явдал юм.
Зууны мэдээ сонин
З.Батцэцэг