Б.Баярцэцэг: Хүн өөрийн гэсэн хэв маягтай байж эрх чөлөөтэй амьдарна

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Худалдагч охин" уран сайхны кино Японы Осака хотод зохион байгуулсан олон улсын Азийн кино наадмын шилдэг 15-д тунаж, "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг жүжигчин Б.Баярцэцэг хүртсэн билээ. Анхны киногоороо олон улсын наадмаас шилдэг жүжигчин хэмээх шагналыг  авсан түүнийг энэ удаагийн “Z-star” буландаа урьж, ярилцлаа.

 

\-Цахим сүлжээнд видео контент хийдгээр тань залуус илүүтэй танина. Анх видео контентод дүр бүтээх саналыг хэн тавьж байв?

-Сайхнаа ах “Бид  хамтраад “Toxic”, “Blah”, “100-ийн хайр” нэртэй гурван контент “YZ tv”-гээр гаргана. Чи “Toxic”-т ахтайгаа хамтрах уу” гэсэн санал тавихаар нь шууд зөвшөөрсөн. Ингэснээр “Toxic”-ийн контентуудад оролцож “Youtube” хуудсаараа видеогоо үзэгчдэд хүргэж эхэлсэн. Гэхдээ контент хийхэд хугацаа их зарцуулдаг учир хэсэг завсарлаад байна. Удахгүй үүнийгээ үргэлжлүүлнэ. Саяхан  уран сайхны инээдмийн “SOULMATE”  кинонд дүр бүтээсэн. Энэ кино маань театруудаар гарч байгаа.

-Анхныхаа кинонд гол дүрийг бүтээнэ гэдэг том амжилт. Нөгөө талаасаа их хариуцлага, чадвар шаардсан болов уу?

 -Анх би киноны эхний хэсэгт гардаг эмэгтэйн дүрд тоглох байсан юм. Гэвч Ж.Сэнгэдорж найруулагч “Энэ хэсгийг бэлдээд, жүжиглээрэй” гээд “Худалдагч охин” киноны хэсгийг тоглуулсан. Тэгээд гол дүрийг бүтээхээр болсон юм. Пробын үеэр бусдаас илүү их уйлсан нь  гол дүрд тэнцэхэд нөлөөлсөн гэж боддог.   Зохиолынхоо үгийг суулгахгүй гээд найруулагч уншуулдаггүй байсан учир анхны кинондоо зохиолоо уншилгүй дүрээ бүтээснээрээ онцлог төдийгүй хэцүү байсан. Гэхдээ киноны үеэр дүр судлаад,  уран бүтээлчидтэйгээ уулзаад аль болох тайван байхыг хичээсэн болохоор шантрах зүйл гараагүй.  Харин дүрс авахынхаа өмнө кино зохиолоо гүйлгэж хараад зураг авалтдаа орсон нь сонирхолтой санагдсан. Мөн зохиол нь их таалагдсан. Тиймээс санал тавьсан кинонд зохиол нь таалагдвал дүр бүтээнэ гэж бодож байгаа.

-Залуу жүжигчний хувьд олон ангит болон уран сайхны кинонд дүр бүтээлээ. Ялгаа нь юу байв?

-Бүтээсэн дүрийн хувьд өөр байсан. Мөн олон ангит киног хийхэд урт хугацааны зураг авалт шаарддаг. Харин нэг ангит киноны зураг авалтыг богино хугацаанд хийдгээрээ ялгаатай байсан.

-Ажил, амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Би ямар ч үед өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Хүн өөрийнхөөрөө, өөрийн гэсэн хэв маягтай байж л эрх чөлөөтэй амьдарна. Энэ л миний баримталдаг зүйл.

-Кино урлагийн салбартай холбогдох болсон нь бага насны тань мөрөөдөлтэй холбоотой юу?

-Бага  байхдаа дуулж бүжиглэх сонирхолтой, англи хэл, уран зохиолын хичээлдээ дуртай хүүхэд байсан. Сургуульд байхдаа дуу зохиогоод түүнийгээ ангийнхандаа дуулж өгөөд, сургуулийн урлагийн үзлэгт их ордог байлаа. Энэ бүхэн намайг жүжигчин мэргэжлийг сонгоход нөлөөлсөн.  Харин анхны киноныхоо гол дүрд тоглосоныгоо  их азтай тохиол гэж боддог. Үүний сацуу Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэндээ үнэхээр баяртай байна.

\

\

 

Зууны мэдээ сонин

Д.Дарамбазар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button