Н.Учрал гишүүн ээ, судалгаатай ярь
УИХ-ын гишүүн НАМЗХ-ны 25жилийн ойн үеэр “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр амьдардаг, түүнийгээ хүлээдэг олон гэр бүл бий” хэмээн хэлсэн нь ёстой л олон нийтийн бухимдлыг төрүүлж, дургүйцлийг хүргэж орхилоо.
Уг нь тэр илтгэлдээ “…21 дүгээр зууны залуус мэдээлэлтэй, мэдлэгтэй өөр болж, асуудлыг өөр өнцгөөс харж, судалгаа шинжилгээтэйгээр ярих болсон. Үр ашиггүй хөрөнгө оруулалт, алдаатай системээс хэдхэн хүн хожих боловч, үсэх үр дагаврын төлөөсийг бид болон бидний үр хүүхдүүд амьдралаараа төлнө…” гэж ирээд л сүрхий уянгалсан.
Үнэхээр тэр өөрөө судалгаатай ажиллаж, ярьдаг бол өнөөдрийн нийгэмд НӨАТ-ын буцаан олголтоороо амьдардаг өрх хэд байгааг шуудхан хэлчих байсан.
Харамсалтай нь тэр өөрөө судалгаагүйгээс дээрх үгээ хэлж, энэ буцаан олголтыг хоёр дахин нэмэгдүүлэх төсөл санаачилна гэж ам гарсан бололтой.
Үнэндээ НӨАТ-ын буцаан олголт иргэдэд нэмэр болдоггүй гэдгийг хүн бүр мэддэг болсны хэрээр 10 хувь л биш бол асуудал хэзээ ч арилахгүйг мэргэжлийнхэн ч тайлбарладаг.
Тийм байтал эрхэм гишүүн хоёр дахин нэмэгдүүлж, айл, өрхүүдийн амьжиргаанд нэмэр болно гэж хэлэхээс ичсэнгүй гэж үү.
Энгийнээр тооцоход сардаа 5 сая төгрөгийн худалдаа хийж байж 100 мянган төгрөгийн буцаан олголт авдаг юм. Харамсалтай нь, та бүхний баталсан хуулиуд, унагасн эдийн засгаас чинь болоод өрх бүр сардаа 5 сая байтугай 500 мянган төгрөгийн ч худалдан авалт хийж чаддаггүй юм.
Төрд төлөөлнө гэж гарчихаад мартсан тойргийн чинь иргэдийн дунд энэ хэмжээнээс “унасан” орлоготой өрх өчнөөн байгааг өөрөө яваад судлаад үз. Түүнийхээ дараа НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байна уу, өнөөдрийн орлогоороо маргаашаа зохицуулж байна уу гэдгийг мэддэг болох байх.
Б.Төгөлдөр