Энэ улс эзэнгүй болох вий дээ

Өнөөдөр хаашаа л харна зовсон, зүдэрсэн, ядарсан, баргар царайлсан хүмүүс гудамжаар гундуухан алхаж явааг бид харж байна. Дээдэс албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна гэж ярьдаг ч начир дээрээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож буйг нэг л анзаарахгүй байгаа бололтой.

 

Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сошиалаас тэдний амьдрал ямар байгааг дарга нар тогтож суугаад тунгаан харвал утгаар нь ойлгоно. Даан ч тэгэх сэтгэлтэй дарга энэ улсад алга.

 

Уг нь иргэд нь эрвийж дэрвийхээрээ хичээж, төр засгаас гуйлга гуйхгүйхэн шиг амьдрахыг хичээж байгаа ч төрийн дарамт шахалтаас болж амьдрахад хэцүү болсноо ярьж байна.

 

Гэтэл дарин дээр давс гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны төгсгөлд ард түмнийг хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй гэж анхааруулсан.

 

Тэрбээр “Гишүүд ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй байна. Дэлхий дахины байдал хурцадмал, зарим орны судлаачдын хэлснээр дайны байдалтай байна. Эдийн засгийн хориг худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хумьснаар дэлхий даяар үнэ өсч байна. Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэсэн нь дотоод бус гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв, мөнгө хязгаартай. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна” гэх хачирхалтай үгсийг чулуудаж иргэдийг улам ихээр бухимдуулав.

 

Тэгвэл ноён спикерийн хэлсэн энэхүү үг нь бодит байдлаас огт зөрүүтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Учир нь энэ улсыг эдийн засгийн хямралд хүргэсэн хүмүүс нь улстөрчид. Хэрвээ тэд өөрсдөө санхүүгийн сахилга бат сайтай байсан бол өдгөө улсын сан хөмрөг хоосорч, улсынхаа эдийн засгийг чирж явах ёстой байсан Хөгжлийн банкийг тонож дээрэмдэхгүй байсан. Энэ мэтчилэн олон шалтгаан нөхцөл байдлаас үүдэж Монгол Улс санхүүгийн хямралд орж дотооддоо асуудал үүсгэсэн. Харин дайн дажинтай байгаа ОХУ эдийн засгийн нөхцөл байдлаа дотооддоо сайжруулж, ноён долларыг номхотгоод авсныг дэлхий тэр чигээрээ харж тэдэнд битүүхэн атаархаж сууна.

 

Гэтэл өөрсдийнхөө буруу шийдвэрээс гарсан алдааг ард иргэддээ тохож хэмнэхгүй бол болохгүй нь. Хэмнэлтийн горимд шилж гэж буй нь үнэн зохимжгүй хийгээд ард түмнийг басамжлан доромжилсон  үйлдэл гэж харагдаж байна.

 

Ийм хариуцлагагүй мэдэгдлийг олонд түгээснээс болж энэ улсын иргэд Монголоос гарч зугтахад бэлэн буйгаа өдөр болгон сошиалд илэрхийлж үзэл бодлоо уралдуулж байна. Үнэндээ манай томчууд сошиал харж ажлаа хийдэг хэрнээ иргэдээ ядуурал руу эрчтэй маршилж буйг тоох ч үгүй харсаар сууна. Тиймээс л “Энэ улс эзэнгүй болох вий” гэх эмзэглэл, болгоожлол иргэн бүрийн ззрхэнд торсон гэдгийг хэлж буй хэрэг.

ErenNews.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button