ХАБЭА-н сарын аяны нээлт боллоо
Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд ХАБЭА-н сарын аяны нээлт МҮЭСТО-ны Их танхимд эхэллээ.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.
ХАБЭА-н сарын аяны нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс нар үг хэлж, улсын хэмжээнд ХАБЭА-н нөхцөл байдал , тулгамдаж буй асуудал ҮО, МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар онцлон тэмдэглэж байв.
Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэх юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4-р сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэж байна.
Тус аяны хүрээнд түншлэгч талууд ХАБЭА-н өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг, Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулсан ХАБЭА-н мэдлэг дээшлүүлэх цахим сургалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, салбар хороо зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг өргөн хүрээг хамруулахаар төлөвлөөд буй аж.