Аялал жуулчлалын салбараас 900 тэрбумыг олно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын тусламжтайгаар энэ салбарыг хөгжүүлнэ гэдгээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аж үйлдвэрийн сэргэлт” хэлэлцүүлгийн “Шинэ сэргэлтийн бодлого:Аялал жуулчлал” салбар хэлэлцүүлгийн үеэр  мэдэгдсэн билээ.

 Энэ жил манай улс гадаадын 300 мянга орчим жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байгаа юм. Ийн БОАЖ-ын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбооноос санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган”-ыг анх удаа зохион байгуулаа. Чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл гэсэн 120 гаруй хүн оролцсон юм. Энэ чуулган нь “Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлого”-д орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, БОАЖЯ болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилготой байв. Мөн цар тахлаас шалтгаалан хоёр жил үйл ажиллагаа нь зогссон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар ярилцсан юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧИЙГ 26 ОРОНД ТОМИЛНО

Чуулганаар төр, хувийн хэвшлийн хүрээнд БОАЖЯ зарим зөвшөөрөл, менежмент, сургалтыг Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүллээ. Тодруулбал, жуулчдад үйлчилгээ үзүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагад ангилал тогтоох, гэрчилгээ олгох, үндэсний хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, түр отоглох цэгийн менежментийг хариуцах, 10-аас дээш жил тогтвортой ажилласан баазуудад газрын зөвшөөрлийг удаан хугацаагаар сунгаж өгөх эрхийг шилжүүлсэн юм.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн сэргэлт гэж үзэж байгаа. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ. Жуулчинд үйлчилгээ үзүүлж байгаа аялал жуулчлалын компаниудын зэрэглэлийг тогтоох, зөвшөөрөл олгох ажлыг яам хийхээс илүүтэй мэргэжлийн аялал жуулчлалын холбоо нь хийе. Мөн  сургалт, менежментийн ажлыг нь мэргэжлийн холбоод хариуцъя гэж шийдвэрлэсэн. Тухайлбал, отоглох цэг байгуулахад төр 2.7 тэрбумыг төсөвлөсөн байна. Гэтэл төр зөвхөн газар олголтыг бодлогын хүрээнд зохицуулаад ААН өөрсдөө санхүүжүүлээд явах боломжтой. Аймаг бүр аялал жуулчлалын газартай боловч ганцхан аялал жуулчлалын мэргэжилтэнтэй. Харин Аялал жуулчлалын холбоогоо түшиглээд тодорхой эрхийг шилжүүлснээр БОАЖЯ бүх аймаг, суманд бүтцээ баталгаажуулж байгаа юм. Мөн манай оронд хамгийн олон жуулчин ирдэг 26 оронд аялал жуулчлалын элчийг томилно. Ингэснээр тухайн орны аялал жуулчлалын компани, холбоодтой байнга харилцах нөхцөл бүрдэнэ” гэж ярилаа.

Гадаад валютыг хамгийн ихээр эх орондоо татах боломжтой салбар нь аялал жуулчлал юм. Тиймээс манай улс 2022 онд 300 сая ам.долларыг аялал жуулчлалын салбараасаа төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнийг өнөөдрийн ханшаар буюу нэг ам.доллар 2970 гэж тооцвол 891 тэрбум төгрөгийг аялал жуулчлалын салбараас улсын төсөвт төвлөрүүлэхээр байгаа юм. Энэ зорилтод хүрэхийн тулд эхний ээлжинд 10 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгөх хүсэлтийг хувийн компаниуд гаргажээ.

ЦАР ТАХЛЫН ДАРААХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ШИНЭ ШАЛГУУР ХЭРЭГТЭЙ

\

Цар тахлаас үүдсэн хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас дэлхий нийтээр хамгийн их хохирол амссан салбар нь аялал жуулчлал юм. Тиймээс улс орнуудын эдийн засгийн бодлого цар тахлын дараах эдийн засгаа сэргээх, аялал жуулчлалын салбараа хэрхэн, үр өгөөжтэй хөгжүүлэх вэ гэдэгт чиглэж байна.

 Энэ талаар  Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхдээ шинэ шалгуур, хэмжүүр тавих тухай ярьж байна. Хэчнээн тооны жуулчинг татаж, хэдэн сая ам.доллар төвлөрүүлэх нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг тодорхойлохгүй.  Дэлхий нийтийн аялал жуулчлалын салбарын чиг хандлага өөрчлөгдсөн. Харин гадаадын валют Монголын хэдэн салбарт эргэлдэж байна. Аялал жуулчлалаар дамжуулж үндэсний бүтээгдэхүүн, ёс уламжлалаа сурталчлахыг хэрхэн дэмжиж байна. Хэдэн ажлын байр бий болгов. Аялал жуулчлал Монголыг дэлхийд сурталчлахад маркетингийн ямар хэрэгсэл болж байгаа. Цахим хөгжүүлэлт аялал жуулчлалаар дамжиж хэрхэн хөгжих гэсэн олон үзүүлэлтээр аялал жуулчлалын салбарыг дүгнэнэ. Төр, аялал жуулчлалын компани, холбоодтой хамтарч байж дээрх шалгууруудыг давсан аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Энэ жил Истанбул, Инчёон, Токиогийн нисэх онгоцны буудлаар дамжсан шууд болон дамжсан олон улсын жуулчдыг татан авах стратегийг дэвшүүлээд байна. Дотоодын жуулчид аялал жуулчлалд ямар их үр өгөөж өгдгийг тооцох ёстойг цар тахлын үе бидэнд ойлгуулсан. Тиймээс дотоодын аяллыг хэрхэн мэргэжлийн түвшинд хүргэх, орон нутгийн эдийн засгийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Харин Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ орон нутгийн хөгжилд аялал жуулчлалын салбарынхны үүрэг оролцоо, хувь нэмэр их  тул орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутаг дахь мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахад бэлэн  гэдгээ тодотгосон юм. Тус төв өнгөрсөн онд 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зургаан удаагийн сургалт зохион байгуулжээ. Үүнээс гадна аймгуудын иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэг ойлголтын судалгааг хийхийн сацуу аялал жуулчлалын хөтөч ном, видео контентыг бүтээсэн юм.

“Аж үйлдвэрийн сэргэлт” хэлэлцүүлгийн аялал жуулчлалын хэлэлцүүлэгт оролцогч нар цахим виз олголтыг сэргээн хэрэгжүүлэх, гадаад дахь Монгол Улсын сурталчилгаа нэг имижтэй байх. Түүнийг өөрчлөхгүй байх, бизнесийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхэд анхаарах гэсэн саналыг дэвшүүлж байсан юм. Энэ онд манай улсад зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Морьт харвааны олон улсын наадам, олон улсын марафон зэрэг 36 үйл ажиллагаа болно. Мөн “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, “Гэгээн муза” олон улсын театрын болон сонгодог урлагийн олон улсын гала наадам, Монгол туургатны бүжгийн их наадам, “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, "Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 үйл ажиллагааг төлөвлөжээ.

 “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button