Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като: БИД ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БАНК БОЛНО

Банкны салбарын хөгжлийн талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катотой ярилцлаа.

 

– Өдрийн мэнд хүргэе. Та Япон, АНУ, Нидерланд, Камбож зэрэг дэлхийн олон орны банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан арвин туршлагатай. Мөн сүүлийн 10 гаруй жил Монгол Улсын тэргүүлэх банкнуудыг удирдаж байна. Бусад улс орнуудтай харьцуулахад Монголын банкны салбарын онцлог нь юу вэ?

– Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. 

 Монгол Улсын банк, санхүүгийн салбар бусад улсуудаас ялгарах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, хүн амын нягтаршил бага, өргөн уудам газар нутагт банкны үйлчилгээг өндөр түвшинд, хүртээмжтэй хүргэж чаддаг. Гэтэл дэлхий дахинд банкны үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд амьдарч буй иргэд олноороо байгаа шүү дээ. Дижитал шилжилт хурдацтай явагдаж байгаа нь Монголын банкны салбарын бас нэг онцлог юм. Мэдээж технологийн дэвшил бүхий л салбарт үсрэнгүй хөгжил авчирч байгаа ч Монгол Улсад  банкны салбар дижитал шилжилтээр тэргүүлсээр байгааг онцлох нь зүйтэй. Мөн арилжааны банкнууд харилцагчдадаа илүү сайн үйлчилгээг хүргэхийн төлөө, зах зээлийн өндөр өрсөлдөөнт орчинд байнгын хүчин чармайлт гаргадаг гэдгийг энд дурдмаар байна. 

Үүнээс гадна банкнуудад Засгийн газраас авч хэрэгжүүлж буй стратегийн хүрээнд төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, хамтран ажиллах хүсэлт байнга ирдэг нь бас нэг онцлог юм даа.

– Голомт банкны Гүйцэтгэх захирлаар томилогдох үед таны гол зорилго, зорилтууд юу байв?

– Би 2019 онд Голомт банкны Гүйцэтгэх захирлын ажлыг авч байлаа. Банкны засаглалын бүтэц болон эрсдэлийн удирдлагыг сайжруулах, санхүүгийн хүчирхэг суурийг бий болгох, бэхжүүлэх гол зорилтуудыг өмнөө тавьж байсан. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд Голомт банк бодитойгоор хувь нэмрээ оруулж чадах юм. Үүнээс гадна олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт холбоотой, хамтран ажиллах нь харилцагчдаа илүү үр дүнтэйгээр дэмжих бас нэг чухал зорилт байсан. 

“Бид 2018 оноос хойш үйл ажиллагааны ашгаараа банкны системд хоёрдугаарт эрэмбэлэгдсээр байна.”

– Сүүлийн жилүүдэд Голомт банкны гаргасан томоохон ололт амжилтуудаас дурдвал? 

– Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Голомт банкны гаргасан хоёр том амжилтыг онцлохыг хүсэж байна. Нэгдүгээрт, банкны өдөр тутмын бизнес амжилттай өргөжин, цар тахлын үед ч үйл ажиллагааны жилийн ашгаа (эрсдэлийн сангийн зардлаас өмнөх) тогтвортой хадгаллаа. Бид корпорэйт, жижиг дунд байгууллага болон иргэдийн зах зээлд жигд хүрч үйлчилснээр, 2018 оноос хойш үйл ажиллагааны ашгаараа банкны системд хоёрдугаарт эрэмбэлэгдсээр байна. Энэ нь банк бизнесийн сегментүүдэд багцаа оновчтой тараан байршуулж, тогтвортой ашгийн бааз суурьтай болсны үр дүн юм. Дараагийн нэг чухал ололт нь банк өнгөрсөн хугацаанд үүссэн чанаргүй зээл, түүнтэй адилтгах активуудыг барагдуулах, бууруулах талаар онцгой анхаарч, үр дүн гаргасан явдал юм. Сүүлийн жилүүдэд банкны эрсдэлийн сангийн зардал өндөр байсаар ирсэн нь цэвэр ашиг бага байх гол шалтгаан болж байсан бөгөөд томоохон чанаргүй активуудын асуудлыг бүрэн шийдвэрлэснээр цаашид эрсдэлийн сангийн зардал буурах боломж бүрдлээ. 

Ийнхүү тогтвортой өсөн нэмэгдэж буй үйл ажиллагааны ашиг, өнгөрсөн хугацаанд үүссэн томоохон чанаргүй активуудыг барагдуулж дууссаны үр дүнд банкны ойрын ирээдүйн цэвэр ашиг хангалттай өндөр түвшинд хүрнэ гэдэгт бид итгэл төгс байна. 

– Технологийн өөрчлөлт, шинэчлэл банкны салбарын хөгжилд томоохон нөлөө үзүүлж байгаа талаар та өмнө ярьсан. Энэ салбарыг ирэх жилүүдэд хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ?

– Тийм ээ, технологийн хөгжил, инноваци, дижитал шилжилт нь банк, санхүүгийн салбарыг үргэлжлүүлэн өөрчилж, ойрын жилүүдэд бидний төсөөлж ч байгаагүй шинэ технологи, хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэгт суурилсан цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, боломжууд олноор бий болно. Технологийн хөгжилтэй банк, санхүүгийн салбар гайхалтай сайн хоршиж алхдаг. Тэр ч утгаараа Голомт банк нь финтек компаниуд, санхүүгийн байгууллагууд, үнэт цаасны компаниудтай хамтран ажиллаж, харилцагчдадаа хаана ч байхгүй нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх, дижитал технологийн тусламжтайгаар харилцагчдадаа аюулгүй, хурдан шуурхай, үр өгөөжтэй, найдвартай сайн үйлчилгээнүүдийг хүргэсээр байхад онцгойлон анхаарч “Нээлттэй банк” стратегийг амжилттай хэрэгжүүлж байна.

“Голомт банк бизнесийн байгууллага, төрийн байгууллага, технологийн болон финтек компаниудтай бүгдтэй нь нээлттэй хамтран ажиллаж, өрсөлдөгчид биш хамтрагчид гэсэн суурь зарчмыг баримталдаг. Бид хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байна.”

– Та сая “Нээлттэй банк” стратегийн талаар дурдлаа. Энэ талаар тодруулж болох уу? 

– Голомт банк “Нээлттэй банк” стратегийг сүүлийн хоёр жилд үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байна. Товчхондоо бол бид хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байна гэсэн агуулга юм. Бид бизнесийн байгууллага, төрийн байгууллага, технологийн болон финтек компаниудтай бүгдтэй нь нээлттэй хамтран ажиллах буюу “Бид өрсөлдөгчид биш хамтрагчид” гэсэн суурь зарчмыг баримталдаг. Өнөөдөр Голомт банк олон улсын банк, санхүүгийн салбарын жишиг болсон нээлттэй банкны бүтээгдэхүүн буюу тухайн харилцагч болон бизнесийн онцлогт тохирсон багц үйлчилгээг АPI менежмент системүүдийг ашигласан тоон технологиор дамжуулан хүргэж, бүхий л салбаруудтай нэгдэж, хамтран ажиллаж байна. Мөн томоохон корпорациуд, бизнес эрхлэгчидтэй нягт холбоотой байж, тэдний бизнесийг өргөжүүлэхийн тулд мэдлэг, мэдээллээ байнга хуваалцаж, туршлага солилцдог. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн зээл олгоод зогсох биш зааж зөвлөж, хамтран ажиллаж, тухайн төслийг амжилтад хүрэх хүртэл нь эрсдэлийг хамтдаа үүрэлцдэг гэсэн үг.

Түүнчлэн Голомт банк бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ямагт сайжруулахын тулд харилцагчдадаа үргэлж нээлттэй байж, харилцагчдынхаа дуу хоолойг анхааралтай сонсож, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, ашиглахад хялбар, үр өгөөжтэй, тэдэнд ээлтэй, харилцагч төвтэй байхад байнга анхаарч ажиллаж байна.

– Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн 5 том банкийг хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах замаар олон нийтэд санал болгохоор болсон. Энэхүү өөрчлөлт тус салбарт болон Голомт банканд ямар нөлөө үзүүлэх бол?

– Банк IPO гаргах нь банкнууд болоод Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал ач холбогдолтой. Хувьцаат компани болсноор банкнууд олон нийтээс хөрөнгө оруулалт татах боломжтой болох бөгөөд илүү сайн засаглалтай болох, хувьцаа эзэмшигчид болон оролцогч талуудын өмнө илүү хариуцлагатай, сахилга баттай болох нөхцөл бүрдэнэ. Үүнийг дагаад банкны салбарын ил тод байдал ч нэмэгдэнэ. Мөн түүнчлэн олон нийтэд нээлттэй болж, хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах нь банкны урт хугацааны өсөлтийг хангах том алхам болох бөгөөд банкнууд хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө харилцагчдадаа илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэгт зориулах юм. Иргэд, хөрөнгө оруулагчид банкны эзэн болж, банкны өсөлтийн үр шимийг хамтдаа хүртэх нь гайхамшигтай зүйл, тийм биз дээ?

– Голомт банкны тэргүүлэх зорилт нь тогтвортой хөгжил гэдгийг бид мэднэ. Тэгвэл тогтвортой хөгжлийн бодлого банкны салбарын үйл ажиллагаанд хэрхэн илэрдэг вэ? Голомт банкны тогтвортой хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд нь юу вэ?

– Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь хүн төрөлхтөн дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх, байгаль орчин, нийгмээ тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой төдийгүй хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхий нийтийн чухал зорилт юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй болох амлалт өгөөд байгаа бол Монгол Улсын хувьд ч мөн адил 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх, хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувиар бууруулах томоохон зорилт дэвшүүлсэн. Тиймээс Голомт банк тогтвортой хөгжлийн чиглэлд өөрсдийн хувь нэмрээ оруулан манлайлж, тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Тухайлбал, Голомт банк тогтвортой санхүүжилт буюу бидний нэрлэдгээр ногоон төслүүдэд зориулагдах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Эдгээр төслүүдтэй хамтран ажиллахын тулд хүрээлэн буй орчин, шинжлэх ухааны суурь мэдлэгтэй байх шаардлагатай. Орчин үеийн банкирууд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй байж, хүлэмжийн хийн ялгарал, цахилгааны хэрэглээ, хог хаягдлыг хэрхэн үр дүнтэй бууруулах зэрэгт харилцагчдадаа зөвлөгөө өгөх чадвартай байх шаардлагатай юм. 

Хоёрдугаарт, бид хүрээлэн буй орчин болон нийгмийн эрсдэлийн зохистой менежментийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Банк байгаль орчин, нийгэмд халтай бизнес, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёсгүй, зайлсхийх шаардлагатай. Хэдийгээр банк богино хугацаанд ашиг олох боломжоо алдаж болох ч ийм төрлийн бизнес, төслүүдийг дэмжихээс үргэлж татгалзсаар ирсэн.

Гуравдугаарт, банкны үйл ажиллагаа хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөөллийг сайжруулдаг, дэмждэг байх ёстой. Бид банкны өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах зэрэг ажлыг тасралтгүй хийж хэрэгжүүлж байна. Банкны бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй, ашиглахад хялбар байлгах нь бас нэгэн зорилт юм. 

Дөрөвдүгээрт, бид тогтвортой санхүүжилтийг үр дүнтэй дэмжихийн тулд хүчин чадлаа сайжруулж, ажилтнуудаа чадавхжуулах ёстой. Манай банкны ажилтнууд байгаль орчин, нийгмийн асуудлуудын талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй болж байна. Голомт банк ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэн сургаж, олон нийтийн болон бусад санхүүгийн байгууллагуудтай мэдлэг, туршлагаа нээлттэй солилцох боломжийг олгодог. 

Эцэст нь тогтвортой санхүүжилтийн хүрээнд бид үүргээ хариуцлагатайгаар биелүүлж тайлагнадаг. Бид зөвхөн ногоон хөгжлийн төлөө, ногоон санхүүжилт олгож байгаа мэт дүр эсгэж, яриад суух биш тогтвортой хөгжлийн төлөө бодит алхмуудыг хийдэг, мөн бид юу хийсэн, юуг хийж чадаагүй вэ гэдгээ олон нийтэд ил тод зарлаж, тайлагнадаг байх ёстой. Эдгээр нь банкны зүгээс баримтлан ажиллаж буй тогтвортой санхүүжилтийн үндсэн тулгуур багана юм.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд болон Голомт банкны хамт олонд амжилт хүсье. 

 

Эх сурвалж: Өдрийн сонин

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button