ТЕГ: Хадлага үйлдэхээр бэлдэж байсан этгээдүүдийг илрүүлж, нийт 12 ширхэг галт зэвсэг хурааж авсан
Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэрэг, хэрэгт холбоотойгоор баривчлагдан саатуулагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтийн дагуу товч мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Иргэдийн зохин байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун, өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал Тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээдүүд нь эксримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг, нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн. АК-47 маркын сери дугаарыг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, Волтер маркын буу 1 ширхэг, ТТ-50 маркын гар буу 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг, 7,62мм-ийн байлдааны сум 274 ширхэг, 6,5мм-ийн сум 82 ширхэг, 223мм-ийн сум 149 ширхэг, 5,6мм-ийн сум 291 ширхэг, 12мм-ийн сум 57 ширхэг, 16мм-ийн сум 14 ширхэг нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл тус тус илэрснийг эд мөрийн баримтаар хураан авлаа.
Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн. Мөн хэргийн нэг холбогдогч дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан ба тухайн хэргийг Тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байгаа. Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Иймээс иргэд жагсаал цуглаанд оролцохдоо анхаар болгоомжтой, сонор сэрэмжтэй байж бусдын өдөөн хатгалганд автахгүй байхыг анхааруулж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр баривчилсан " гэв.
С.Тэлмэн