‘Махны үйлдвэрийн төсөл’-ийг барилгын компани бичиж ‘болно’
Үнэн хошин сонсогдож байна уу, эсвэл яагаад болохгүй гэж… гэх бодол төрж байна уу. Уг нь сэтгэл, зүтгэл байгаад үнэнч шударгаар ажиллаж, хийж чадаж байвал болохгүй зүйл биш л дээ.
Гэхдээ банкнаас зээл авахад ийм марахан байдаг бил үү. Тэр тусмаа Монгол Улсыг хөгжүүлэх “Хөгжлийн банк”-наас шүү. Тодруулъя л даа. Хөгөө хөлдөө чирээд хөнжилдөө наймаалцах дээрээ тулаад байгаа “Хөгжлийн банк”-ны асуудал Монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд Орос Украины асуудлаас дутахааргүй орчхоод байгаа. Гэтэл “Барилгын компани махны үйлдвэр байгуулах төсөл бичээд зээл авсан” гэх мэдээлэл цацагдаж олны уур бухимдлыг ёстой дээд цэгт нь хүргэв.
Жирийн нэгэн оёдолчин хэдэн жил оёдлын үйлдвэр байгуулах төсөл бичээд тусыг эс олсон учраас одоо хувиараа, гэрээрээ оёж эсгэж мэтгэж сууна. Энэ бол зээл олдоогүй ч гэсэн түүний чин сэтгэл, зүтгэлийг харуулж буй юм.
Хэрэв оёдлын үйлдвэр байгуулсан бол олон бүсгүйчүүд ажилтай болно, ард иргэд импортын бараанаас шалтгаалахгүй хэмжээнд хүрч болох ч байсан биз.
Тэгвэл махны үйлдвэрийг оёдлын үйлдвэртэй жишээд нэг үзээрэй. Тоног төхөөрөмжөөс нь эхлээд усны асуудал хүртэл гарч ирнээ дээ.
Хөгжлийн банкны Ерөнхий хяналтын сонсголын үеэрээ тус банкны захирал Н.Мандуул нэг их том хэрэг илрүүлсэн хүн шиг “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд нийт 9 гүйцэтгэх захирал, 9 ТУЗ ажиллажээ. Халаа сэлгээний асуудал өнөөдрийн энэ байдалд хүрэхэд нөлөөлсөн” гэх утгатай юм ярихын зэрэгцээ “Барилгын компани махны үйлдвэр байгуулах төсөл бичээд зээл авсан тохиолдол ч бий. Цаашид ийм алдааг дахин давтахгүй…”гэж байв.
Тэрбээр махны үйлдвэрийн төслөөр зээл авсан тухай мэдээгүй, хянаагүй, шалгаагүй гэдгээ энэ өгүүлбэрээрээ нотолсон. Нөгөөтэйгүүр олны хэлж буйгаар шударгын дүр эсгэсэн тавилттай жүжиг хаана хаанаа муу найруулгатай байгааг ч бас харуулсан гэхэд болно.
Товчхондоо бол ийм байдлаар Хөгжлийн банкийг дампууруулсан нөхдүүдэд хариуцлага тооцоход хангалттай үндэслэл илэрчхээд байхад чухам юу хүлээгээд байгаа юм бол доо.
С.Цээл