Т.Мөнхсайхан: Бусад улс хатуулаг өндөртэй согтууруулах ундаанаас 60 хувийн татвар авдаг

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотойгоор  Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.

 

-Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зарлиг гаргалаа. Үндсэн шалтгаан нөхцөл, хэрэглээ ямар байна вэ?

-Монгол Улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байна. Мөн манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 55 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи буюу спирт, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон дундаж хэмжээнээс даруй хоёр дахин өндөр байна.

ДЭМБ-ын мэдээллээр 8-9 литр байх юм бол үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсынх 12 литрт хүрсэн. 100 мянган хүн амд ноогдох тоогоор нь авч үзвэл архины шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа.

Хамгийн өндөр хэрэглээтэй нь Беларусь, Монгол Улс болж байна. Дараагийн гол үндсэн шалтгаан бол зохисгүй хэрэглээгээрээ мөн л дэлхийд тэргүүлж байна. Тэр дундаа согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь санаа зовинох асуудал боллоо.

Согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор архинд донтсон хүмүүс 6.2 хувьтай байна. 21-ээс дээш насныхны тархалтыг тоогоор нь харвал 90 мянга орчим байна. Жилд гарч байгаа согтууруулах ундаатай холбоотой осол гэмтэл 16 мянга, гэмт хэрэг зөрчил 23 мянга байгаа. Гэмт хэрэг зөрчил, эрүүл мэндийн хохирлын цаад шалтгаан нь 38-40 градусын өндөр хатуулагтай согтууруулах ундаа байна. Хүн амины хэргийг авч үзэхэд согтууруулах ундааны шалтгаант гэмт хэрэг дунджаар 60 хувьтай байсан бол 2022 онд 88.7 хувь болж өссөн. Үүний цаана ихэвчлэн 38-40 градусын хатуулаг өндөртэй согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаан өндөр хувийг эзэлж байгаа нь аюул юм.

-Өнгөрсөн хугацааны бодлогыг судалж үзсэн байх. Бусад улс орнуудын татварын бодлого, зохицуулалт ямар байна вэ?

-Согтууруулах ундааны хэрэглээг зөв зохистой болгох хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг. Манай улсын онцгой албан татварын бодлого өнгөрсөн хугацаанд яаж явж ирснийг судаллаа. Согтууруулах ундааны үндсэн хэрэглээний дийлэнх хувийг эзэлж байгаа 38-40 градусын архины татвар 26 градустай согтууруулах ундааны онцгой албан татвартай ижил хэмжээтэй байна. Энэ нь жилд 200-300 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, 25-40 градусын согтууруулах ундааны онцгой албан татвар 6960 төгрөг. 40 градусаас дээш буюу нэг их хэрэглээд байдаггүй согтууруулах ундааных 2.4 дахин өндөр байх жишээтэй. Ангиллыг авч үзвэл ийм байгаа.

Бусад улс орнуудын бодлогоос харахад хатуулаг өндөртэй архи согтууруулах ундааны хатуулаг, савлалт, эзлэхүүнтэй холбоотой нэгж доод үнэтэй уялдуулдаг. Гэтэл манайх шиг гурав ангилдаг татварын бодлоготой улс орон алга. Тиймээс шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Дэлхий нийтийн жишгийг харахад хамгийн их хэрэглээтэй буюу өндөр градустай согтууруулах ундааны үнийн 60 орчим хувийг онцгой албан татвар эзэлдэг. Харин манай улсад 38 буюу дэлхийн дунджаас хоёр дахин бага хэмжээний татварыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд ногдуулж ирсэн нь согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг дэмжиж ирснийг харуулж байна. Тухайлбал, Герман улс согтууруулах ундааны градуст шууд хамааралтайгаар татвараа ногдуулдаг. Тус улс 4.5 градусын шар айрганд 4.5 хувийн татвар ногдуулж байгаа. 40 градусын согтууруулах ундаанд 40 хувийн онцгой татвартай. Үүнийгээ дагаад зохистой хэрэглээ буюу градус багатай шар айраг, вино, оргилуун дарсны хэрэглээ өндөр. Хатуулаг ихтэй согтууруулах ундааных багассан. Улс орнууд энэ бодлогыг олон арван жилийн өмнөөс хийж хэрэгжүүлж ирсэн. Үр дүнд нь нийгмийн сөрөг нөлөөлөл, согтууруулах ундааны шалтгаант өвчлөл, гэмт хэрэг зөрчил, гэр бүл салалт тодорхой хувиар буурсан. Харин манай улсад эсрэгээрээ энэ бүхэн нэмэгдэж байгааг харуулж байна.

-Зөвхөн онцгой албан татвар дээр өөрчлөлт оруулснаар ямар үр дүнд хүрэх юм?

-Онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд архины хэрэглээ найм орчим хувиар, шар айрагных таван хувиар буурсан. АНУ-ын судалгаагаар татварыг 10 центээр нэмэгдүүлэхэд авто осол долоон хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурсан эерэг нөлөө шууд гарч байна. Зөвхөн онцгой албан татвараас гадна цогц бодлого явуулах ёстой. Архи, архидалттай тэмцэх ёстой. Архины зохисгүй хэрэглээ, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээг бууруулах үндсэн үр дүнтэй 10 төрлийн аргыг цогцоор хэрэгжүүлье. Согтууруулах ундааны хэрэглээг багасгахад залуучууд цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангаж өгсөн бодлогыг хэрэгжүүлнэ. Дээрээс нь өндөр хатуулагтай согтууруулах ундаа хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж мэдрэлийн эсийг үхүүлдэг. Богино хугацаанд согтоож биеэ хянах чадваргүй болгосноос үүдэж гэмт хэрэг үйлдэх зэргээр олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байна. Цогц бодлого нэг удаагийн уриа лоозон, ганц сарын арга хэмжээ болоод өнгөрөх биш хэдэн арван жилийн цаадахыг харах шаардлага тулгарч байгаа учраас Ерөнхийлөгч зарлиг гаргалаа. 

-Архи үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүд ямар байр суурьтай байгаа вэ. Ажилгүйдэл, хавтгайрсан халамжтай тэмцэх ёстой гэсэн санал шүүмжлэл ч гарч байна?

-Тамгын газрын дарга үүнд тодорхой хариуллаа. Архидалттай тэмцэх 10 жилийн цогц арга хэмжээ зарлаж байна гэсэн үг. Энэ хугацаанд хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Мөн боловсролын сургалт агуулгад тусгаж өгөх зэргээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бодит хүлээлттэй байгаа. Бусад улс орнуудыг харахад 5-10 жилийн дараа үр дүнгээ өгдөг туршлага байна. Хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууралтай тэмцэх хуульд өөрчлөлт оруулна. Шинэчилсэн найруулгаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан асуудлуудыг эрхзүйн хүрээнд зохицуулалт болж тусгана. Тухайлбал, энэ жилээс эхлүүлээд 38 градусын архийг 36 градус болж бууруулж 15660 төгрөгийн онцгой албан татвар ногдуулдаг болно. Нэг ёсондоо, 36 градусаас дээш архи үнэтэй болно гэсэн үг.

5-10 жилийн бодлогын томоохон арга хэмжээ хийх учраас бүх талын оролцоог хангана. Өнөөдөр гарч ирж байгаа зүйл биш. Өнгөрсөн намраас эхлэн ДЭМБ, НЭМҮХ болон эрдэмтэн судлаачидтай хамтарч суурь судалгааг явуулсан. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж, импортолж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт уулзаж хамтарч ажиллах чиглэлээр санал солилцсон.

Бидний хамгийн том дайсан бол архидалт, ажилгүйдэл. Үүнээс үүдэж айл гэр, нийгмийн амьдралд гарч байгаа сөрөг үр дагаварыг бууруулахын тулд аль алиныг нь орхигдуулж болохгүй.Хамтад нь цогц байдлаар хийнэ.

“Зууны мэдээ” сонин

С.Уянга

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button