ЭЦА: Нэг хаягнаас өсвөр насны 84 охиныг гэмт хэргийн хохирогч болгосон

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим аюулгүй байдал, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцууллаа.

УДАА ДАРАА ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭД ЦАХИМ ОРЧИНД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ УРУУ ТАТСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн "Улсын хэмжээнд 2015-2021 онуудад цахим орчимд үйлдэгдэж буй хүүхдийн гэмт хэрэг 101 бүртгэгдсэн. 2022 оны эхний гурван сарын байдлаар хоёр холбогдогчтой есөн гэмт хэрэг бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цахим орчинд гэмт хэрэгтнүүд нь хуурамч хаяг нээн, насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг, зураг явуулах, насанд хүрээгүй хүүхэдтэй садар самуун үйлдэл хийх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бүртгэгдсэнийг шалгаж байна. Хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг эх, асран хамгаалагч багш нартаа хэлдэггүй. Нуун дарагдуулдаг. Өөрөө гэмт хэргийн хохирогч болж буйгаа мэдэхгүй байгаагаас болж энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал шинж чанартай байна. Жишээлбэл, Монгол Улсын иргэн А хуурамч хаяг нээж, бага насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан, харилцаа тогтоож, чатлах явцдаа тухайн охидыг айлгах гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгэн, улмаар уулзаж, нүцгэн дүрс бичлэгээр нь барьцаалан айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Мөн бага насны хүүхдүүдийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргээр удаа дараа ял шийтгэл авсан этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж байхыг анхааруулж байна" гэлээ.

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 44.9 ХУВИАР ӨСӨВ

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр мал хулгайлах гэмт хэрэг эхний гурван сард 355 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 44.9 хувиар өссөн байна. Энэ талаар ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря “Цагдаагийн байгууллагад энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 19.2 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,332 нэгжээр буюу 2.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ оны эхний улиралд хулгайлах гэмт хамгийн их гардаг  Дундговь, Дорнод, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай зэрэг аймагт гарсан хэргүүдэд дүн шинжилгээ хийсэн. Ингэхдээ 2021 оны долдугаар сараас хойш дээрх аймгуудад оршин суух айлуудын гэрт нэвтэрч, олон тооны шашны эд зүйл, мөнгөн хазаар, ташуур, эмээл зэргийг хулгайлсан таван этгээдийг илрүүлж, яллагдагчаар татаад байна. Хэргийг шалгах явцад 68 эд зүйлийг хураан авч, 30 эд зүйлийн хохирогчийг тогтоон хохирогчид хүлээлгэж өгсөн. Одоогоор 38 эд зүйлийн хохирогч тогтоогдоогүй бөгөөд тухайн аймгуудаас эд зүйлээ алдсан иргэд байвал цагдаагийн байгууллагад холбогдон хамтран ажиллахыг зөвлөе. Мөн малын хулгайтай тэмцэх чиглэлээр тус гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт ажиллаж, тухайн аймгуудаас бусдын малыг хулгайлдаг байсан бүлэг хоёр этгээдийг илрүүлсэн.

Сүүлийн үед илэрч байгаа гэмт хэргүүдээс харахад, тухайн орон нутагт явж буй сэжигтэй тээврийн хэрэгслийн талаар малчид цагдаагийн байгууллагад мэдээлэх тоо нэмэгдсэн нь сайшаалтай. Гэхдээ малаа байнгын хариулга, маллагаагүй орхих болон мотоцикль, автомашин унаж малдаа явах тохиолдол их байна. Тээврийн хэрэгслээр малаа хариулах нь хурдан түргэн байх боловч тухайн орчинд байгаа сэжигтэй өөр машинуудыг ажиглах боломжгүй болгодог. Тиймээс малаа уламжлалт аргаараа буюу морь унах, дурандаж орчноо ажиглах зэр­гээр хариулах нь тухайн орон нутагт гарах малын хулгайн гэмт хэргийн сэжигтэй зүйлсийг ажиглах, түүнээс сэргийлэх боломж бүрдэнэ” гэв.

Б.Нямбадрал: Дээрэмдэх хэрэгт ихэвчлэн өсвөр насныхан холбогдож байна

Дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадрал мэдээлэл өгөхдөө “Ихэвчлэн өсвөр насныхан дээрэмдэх гэмт хэрэгт холбогдож байгаа тул эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгааг нь анзаарах ёстой. Он гарсаар эхний гурван сард 174 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлт. Энэ онд үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргээс дурдвал, гуравдугаар сарын 27-нд СХД-ийн 16 дугаар хороо .. байрны орцны лифтэнд үл таних дөрвөн этгээдэд зодуулж гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Тухайн хэргийг 14-17 насны дөрвөн хүүхэд бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн дээрх эд зүйлийг хураан авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон гэрэлтүүлэггүй гудамж талбайд ганцаараа зорчиж байгаа иргэд, охид, эмэгтэйчүүдийг олзлон дээрэмдэж, давхар биед нь хохирол учруулж байна.Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд дээрэмдэх гэмт хэрэгт холбогдож байгаа тул иргэд өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилцах, ямар хүүхэдтэй нөхөрлөж, нийлж байгааг нь анзаарах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр яриа, ухуулга хийж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэв.

 “Зууны мэдээ” сонин

С.Уянга

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button