Иргэнийг дэвсэлсэн бичлэгийн тухайд ЦЕГ-аас шалгалт хийж байгаа

2022 оны дөрөвдүгээр сарын 7-ний өдөр залуус нэгдэн  өглөөний 09:00 цагаас эхлэн талбай дээр цугларч эсэргүүцлээ илэрхийлж тайван жагсаал хийсэн. Гэвч орой болоход жагсаалыг албадан тараасан бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

 

ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал  : Өчигдөр өрнөсөн үйл явдлын хувьд өглөө 10:00 цагаас эхлэн залуус үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийсэн бөгөөд урьдчилж зөвшөөрөл аваагүй байсан. 18:00 цагт Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсаж буй залуустай уулзсан. Уулзалтын үеэр залуучууд дотроос ус, ундааны сав, талх шидэн эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үеэр нэг эмэгтэйгийн толгой хагарсан. Бид жагсагч залуучуудад анхааруулга өгсөн.Орой 18:00-19:00 цагийн хооронд жагсаалын бүтэц өөрчлөгдөж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргасан учир бид удаа дараа анхааруулга өгсөн. Жагсаал хурцадмал болж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цугларсан учир залуусыг тарахыг шаардсан. Улмаар Их тэнгэрийн ам руу жагсагчид явсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтай объект руу халдах үйлдэл хийж төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын эрх чөлөөнд халдсан. Ингээд урьдчилан сэргийлэх зорилгоор 03:40 цагт жагсаалыг тараасан. 20 иргэнийг саатуулан шалгаж байна. 18 иргэн согтолттой гарсан.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: 18:00 цагаас хойш жагсаалын бүтцэд өөрчлөлт орж замыг хаая, ордны хаалгыг хаая, дайръя гэдэг яриа гарч ажил тарах ачааллын үеэр талбайн хоёр талын замыг хаасан. Энэ үед цагдаагийн байгууллага анхааруулж зөвлөсөн. Машин хүн хоёр холилдоод эхэлсэн учир арга буюу замын хоёр талыг түр хязгаарласан. 23:00 цагийн үед нөхцөл байдал таагүй болж гал гаргаж, согтуу залуучууд ирсэн, тэсрэх зүйл ашигласан, чулуу, мод шидэж, машины цонх хагалсан. Цагдаагийн 7 албан хаагч гэмтсэн /тархи нь хагарч, хөл нь хугарсан/. Залуус зам хаан их тэнгэр лүү явсан. Энэ хүртэл бид замын хязгаарлалтыг зохион байгуулж жагсаалд оролцогсдын аюулгүй байдлыг хангасан. Жагсаал хийсэн согтуу залуустай ойлголцох ямар ч боломж байгаагүй. Жагсагчид буцан ордон руу ирж дайралт хийх оролдлого хийсэн учир бид хүч нэмэгдүүлж очсон. 18:00-02;00 цаг хүртэл жагсагчдад ойлгуулж зөвлөгөө өгч байсан. Шаардлага эсэргүүцэж дайрч доромжлох үйлдэл гарч эхэлсэн тул цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардалгыг биелүүлээгүй тохиолдолд бид албадлага хэрэглэх эрхтэй. Бид буруу зүйлд турхирсан, уриалсан, хүмүүсийг тусгаарлаж байж жагсаал намжсан.

 Ус шүршигч машин болон нохойны тухайд аль болох эрсдлийг хор багатай даван туулахын тулд нөөц хүч, бэлэн байдалд шилжсэн. Ус шүршигч машиныг 2012 онд авсан, үнийг нь мэдэхгүй байна.  Манай үүрэгт ажиллагаанд ашиглагддаг.  Нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй. 

Иргэнийг дэвсэлсэн бичлэгийн тухайд ЦЕГ-ын аюулгүй байдал дотоод хяналт шалгалтын албанаас шалгалт хийж байгаа.  

 

Согтуу гарч ирсэн хүний хувьд эхний тандагч багажаар шалгахад сэжигтэй байсан учир дараа нь драгер үлээлгэхэд 0 гарсан. 

Саатуулагдсан хүмүүсийн хувьд 19 хүн согтуу байсан, үлдсэн хүмүүсийг хориогүй бөгөөд тайлбар мэдүүлэг авсан. 4 эмэгтэй байсан, 5 хүүхэд байсныг гэрт нь хүлээлгэн өгсөн.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button