Г.Алтангэрэл: Дэлхийн тайзан дээр Монголоороо овоглож гараад алдах эрхгүй

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэлийг урьж ярилцлаа. Тэрбээр “Нарны садан”, “Аав”, “Ану хатан”, “Хийморь” гэсэн дэлгэц, тайзны уран бүтээлд мэргэжлийн ур чадвар гаргаж ажилласан. Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж яваа чадварлаг жүжигчин билээ.

-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Улсын драмын эрдмийн театр Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Б.Мөнх-Амьдрал найруулагчийн “Миний аав миний баатар” гэсэн хүүхдийн жүжгийг шинээр тавихаар ажиллаж байна. Хүүхдийн энэ жүжиг нь хүн бүрийн зүрх сэтгэлд аав нь хамгийн том орон зайг эзэлдэг, хамгийн мундаг баатар гэсэн санааг гаргаж байгаа. Миний хувьд хорон санаат хар хорхойны дүрд ажиллаж байна.

Шавьжны ертөнц дээр тулгуурлаж хийсэн ч  нийгэмд оршин буй нэгэн өнгө төрхийг илэрхийлэхийг эрмэлзсэн. Миний гаргаж буй хар хорхойны дүр нь өнөөгийн нийгэмд байгаа хорон муу санаатай хүний илэрхийлэл юм.

-Анхны дэлгэцийн дүрд тоглохдоо сандрал догдлол дүүрэн байсан болов уу. Дурсамжаасаа хуваалцаач?

-Би гуравдугаар курст байхдаа анх “Ану хатан” киноны Галдмаа баатрын дүрд ажиллаж байсан. Ардын жүжигчин С.Дамдин, Ц.Пүрэвдорж, Г.Равдан ахтай анхны зураг авалтад орсон. Мэдээж анхных учраас их сандарч, мундаг жүжигчдээс сүрдсэн. Тухайн үед текстээ эвийг нь олоод хэлчих юмсан гэж бодсон. Дэлгэцийн кино урлагийн сор болсон жүжигчидтэй хамт зураг авалтад ороход кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрсөн.

\ "Нарны садан" киноны зураг авалтын үеэр.

-Сүүлд “Нарны садан” кинонд тоглосон. Энэ дүр дээр хэрхэн ажиллав?

-“Хийморь” кинонд уяач залуугийн дүрд ажилласан. Үүний дараагаар энэ киноны говьд авахуулсан постерийн зургийг Х.Балхжав ах хараад “Энэ жүжигчинг киноныхоо гол дүрд авмаар байна” гэж кино багийханд хэлсэн гэсэн. Тэгээд “Нарны садан” киноны Царамын дүрд ажиллах санал ирсэн.

-Театрын болон дэлгэцийн уран бүтээлийн ялгааг юу гэж хардаг вэ?

-Театр бол амьд харилцааны урлаг. Жүжгээс төрж буй амьд мэдрэмжийг тухайн цаг хугацаанд жүжигчин болон үзэгчид аваад өнгөрнө. Уран бүтээлчийн хувьд нэг хааны дүрд ажиллалаа гэхэд тухайн дүрийн мэдрэмжийг тоглолт бүрт дахин авдаг. Хэрэв өнөөдрийн тоглолт дутуу явчихлаа гэсэн чамлалт байвал дараагийн тоглолт дээр илүү сайжруулах боломжтой. Энэ нь амьд харилцааны урлагийн давуу тал юм. Харин дэлгэцийн уран бүтээл нь тухайн  цаг хугацаанд дүрээрээ амьдарч, хальсанд бичигдээд үлдэнэ.

-Та хэр эх оронч үзэлтэй вэ?

-“Хийморь” кинон дээр “Атгахан энэ шорооноос эх орон эхэлдэг юм байна” гэж хэлдэг. Би ч гэсэн ингэж боддог. Амьдарч байгаа орчиндоо цэвэрхэн суухаас эх орноо хайрлах сэтгэл эхэлнэ. Мөн үндэсний дархлаа болсон өв соёлоо хайрлан хамгаалж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд байх эх оронч үзэл юм.

-Гэр бүлийн хүмүүжил дээр ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээж гэр бүлийн хүмүүжил чухал. Дээд боловсрол эзэмшсэн ч гэсэн гэр бүлийн хүмүүжил тааруу бол гаргаж байгаа зан авир, ажилд хандаж байгаа хандлагаас илэрнэ. Намайг бага байхад аав ээж маань гадаад руу сурахаар явсан. Тиймээс би хүүхэд насаа эмээ өвөө дээрээ өнгөрүүлсэн. Аж ахуйч, хичээнгүй байх зан чанарыг тэднээсээ өвлөсөн. Харин аав ээж хоёр маань аливаа зүйлийг үйлдлээрээ сургадаг. Хэлэхдээ ширүүхэн хэлчихдэг хүмүүс. Хүнийг хүндэлж, үг сонсож сур, зөв хүн байх ёстой гэж захьдаг. Аав ээжийгээ хүндэлнэ бас эмээнэ. Жүжигчин мэргэжил сонгоход хамгийн том хөшүүрэг болсон хүн бол миний аав. Намайг VIII ангид байхад аав маань “Ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна. Хоёр жилийн дараа амьдралынхаа том алхмыг эхлэх учраас одооноос мэргэжлээ сонгож, зорилготой байх хэрэгтэй” гэж хэлж байсан.

Тухайн үед дуулах дуртай хүүхэд байсан учраас “Би дуучин болмоор байна” гэхэд аав “Дуучин сайхан мэргэжил. Гэхдээ жүжигчин болбол зүгээр юм шүү.  Дуулна, бүжиглэнэ гээд бүх мэргэжлийн цогц шүү дээ. Судлаад үзээрэй” гэж зөвлөсөн. Тэгээд аавынхаа хэлсний дараа нээрэн жүжигчин гэж ямар мэргэжил байдаг юм бол гэж сонирхож судалсан. Ингээд миний шинэ мөрөөдөл жүжигчин болох болсон. Тухайн үед аав хил рүү, ээж Орос руу, ах Баянхонгор аймагт ажиллахаар болсон. Тэгээд би Улаанбаатарт гэртээ ганцаараа үлдсэн учраас ах руугаа Баянхонгор аймгийн Байдраг суманд очиж 10 жилээ төгссөн. Намайг анх урлагийн замд хөтөлсөн хүн бол Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын дарга, найруулагч гавьяат жүжигчин Б.Ганчимэг багш. Багш дээрээ очиж СУИС-д орох сонирхолтой байгаагаа хэлж, бэлтгэлээ хийдэг байсан. Тухайн үед Баянхонгор аймагт жүжигчний ангийн хоёр хуваарь ирсэн юм.

-Таны хадаг барьсан багш тань хэн бэ? 

-Би Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж багшийн шавь. Багш маань 33 жил театрт ерөнхий найруулагчаар ажилласан. Ийм мундаг хүний шавь болсондоо өөрийгөө их азтай хүн гэж боддог. Гуравдугаар курст байхдаа жүжгийн олны хэсэгт гардаг байсан. Тайзан дээр гарах тэр мэдрэмж надад театрын уран бүтээлч болох мөрөөдлийг минь хурцалдаг байсан.Тайзны ярианы багш Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, P.Нацагдоо, зөвлөх багшаар Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр байсан. Театрт ажиллахаар ирэхэд багш шавь барилдах ёс гэж байдаг. Миний хадаг барьсан багш бол Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва. Багш нарынхаа итгэлийг, нэрийг хугалахгүйн тулд их хичээдэг.

-Анх театрын тайзан дээр үзэгчдийн өмнө гарах мэдрэмж мартагдашгүй цаг хугацааны нэг байсан байх?

-Дипломын ажлаараа “Байцаагч түшмэл” жүжгийн хотын даргын дүрд ажиллаж театрынхаа тайзан дээр анх удаа гарч байсан. Тухайн жүжиг миний үзэгдлээр эхэлдэг. “Эхэллээ, хөшиг нээгээрэй” гээд тайз эргэж үзэгчид рүү харах мөчид миний өвдөг салганаж байсныг одоо хүртэл мартдаггүй. Харин дараа нь миний анхны гол дүр “Оддын өвчин” жүжгийн Титод ажиллахдаа үнэхээр жаргаж ажилласан. Дэлхийн сонгодог дууриудын хэсгээс дуулдаг дуулалт жүжиг учраас тайзан дээр дуулах мөрөөдлийн минь нэг хэсэг биелсэн гэж хэлж болно.

\ 

"Хийморь" киноны зураг авалтын үеэр

-Монгол Улс дэлхийн театрын соёлтой хөл нийлүүлж чадаж байна уу?

-Театрыг амьдралын толь гэдэг. Нэг үеэ бодвол монголчууд театрт жүжиг их үздэг болсон. Үзэгчид биеэ бэлдэж ирнэ гэдэг том соёл юм. Монголын театр дэлхийн сонгодог болон түүхэн зохиолуудыг сорчлон гаргаж үзэгчиддээ хүргэж байна. Энэ нь дэлхийн театруудтай хөл нийлүүлэн алхаж байна гэсэн үг. Мөн олон улсын наадмуудад оролцож өөрсдийнхөө хүчийг сорьж, ямар түвшинд байгаагаа мэддэг. 2019  онд БНСУ-ын Сөүл хотод болсон “World duo art performing festival”-д хоёр хүний жүжгийн төрлөөр Монгол Улсаа төлөөлөн “Хувь заяаны хүлээс” жүжгээр “Гэгээн Муза” акедемийн захирал, Ардын жүжигчин Б.Сарантуяа, найруулагч О.Итгэл, эхнэр Номуунтайгаа оролцсон. Энэ наадамд Монгол, БНСУ, Грек, Румын, Украины долоон бүтээл оролцож “Special perfonmance” шагнал хүртсэн. Дэлхийн тайзан дээр эх орныхоо нэрээр овоглож гарч байгаа учраас алдах эрхгүй.

-Та жүжигчин мэргэжлийг сонгосноороо хэзээ хамгийн их бахархаж, баярлаж байв?

-Цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргээд нижгэнэсэн алга ташилт сонсоод тайзан зогсож байхад жүжигчин болсны баяр хөөр бахдал, сайхныг мэдэрдэг.

-Таны уран бүтээл болон амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Хувийн амьдрал, уран бүтээлдээ хэрхэн хандаж байгаа нь амьдралдаа хандаж буй хандлагын илрэл. Төлөвлөгөөтэй, зорилготой, түүнд хүрэхийн тулд зогсошгүй байх хэрэгтэй.

-Та амьдралынхаа мартагдашгүй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Жуулчдад зориулж монголчууд яаж сүй тавьж, хурим хийдэг талаар харуулсан тайзны бүтээл хийсэн юм. Тухайн үед би эхнэртэйгээ сүй тавьж буйгаар тоглосон нь сайхан дурсамжийн минь нэг. Тэр үед бид хоёр гэр бүл болно гэдгээ мэдээгүй явсан үе шүү дээ. Хожим бид хоёр төрийнхөө наадмаар хуримаа хийж байсны билэгдэл ч байсан байж болох юм. Хүний амьдралд үлдэх үнэт зүйл бол дурсамж. Тиймээс өнгөрсөнд үлдэх дурсамжаа сайхнаар бүтээцгээе.

\Эхнэр УДЭТ-ын жүжигчин Г.Номууны хамт.

“Зууны мэдээ” сонин

П.Амгаланбаяр

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button