Шилэн дансны үйл ажиллагаа, мэдээлэлд бодит цагийн аудит хийж эхлээд байна
Төрийн аудитын байгууллагаас энэ онд төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа ХК, ХХК-ийн санхүү, төсвийн үйл ажиллагаанд байнгын, бодит цагийн аудит хийхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд дээр дурдсан байгууллагуудын “Шилэн дансны үйл ажиллагаа, мэдээлэлд хийх аудитын төлөвлөгөө” боловсруулан, Монгол Улсын Ерөнхий аудитораар батлуулж, аудитыг эхлүүлээд байна.
Тус аудитаар төрийн сангийн болон арилжааны банкны гүйлгээ шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэл бүхий асуудлыг тогтоох аж. Иргэд, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх шаардлагатай буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгддэг төрийн санхүү, төсөвтэй холбогдох эрсдэлтэй асуудлын мөрөөр, нотлох зүйлд үндэслэн бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн мөрөөр шаардлагатай тохиолдолд Шилэн дансны тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авахаар аудит хийх юм.
Иргэд, хуулийн этгээд шилэн дансны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ Төрийн аудитын байгууллагын нээлттэй аудит буюу www.open.audit.mn цахим сайтаар өгөх боломжтой.
Оллоо.мн