Б.Базарсад: Гэр бүл цуцлах нь аав байх эрхийг хасаж байгаа хэрэг огт биш тул сар бүрийн тэтгэлгээ заавал өгөх ёстой
Гэр бүл цуцалсан бол насанд хүрээгүй хүүхдэд сар бүр тэтгэлэг олгох хуулийн заалттай.
Энэхүү заалт хэр хэмжээнд хэрэгждэг талаар болон төлөхгүй байвал ямар арга хэмжээ авдаг зэрэг мэдээллийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга, ахмад Б.Базарсадаас тодрууллаа.
– Гэр бүл цуцалснаар хүүхдэд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ хэд байгаа вэ?
– Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Уг хуулийн дагуу хүүхдээ тэжээн тэтгэх хэмжээг эцэг, эх харилцан тохиролцож, гэрээ байгуулан төлж болно. Харин гэрээ байгуулаагүй тохиолдолд шүүхээс хүүхдийн насны ангиллыг харгалзан хэмжээг тогтооно.
Ингэхдээ тухайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинг харгалздаг.
2022 онд хүн амын амьжиргааны доод түвшин
Улаанбаатарт 277,800
Баруун бүсэд 238,800
Хангайн бүсэд 240,400
Төвийн бүсэд 239,200
Зүүн бүсэд 236,400 төгрөг байна.
11 хүртэлх насны хүүхдэд сар бүр дээрх хэмжээний 50 хувиар тооцож тэтгэлгийг тогтоох бол 11-16 нас, сургуульд суралцаж буй тохиолдолд 18 нас хүртэлх хүүхдэд сар бүрийн тэтгэлгийг 100 хувиар тогтоодог.
– Одоогоор шүүхийн шийдвэрээр хэдэн хүн тэтгэлэг төлдөг бол?
-2022 оны гуравдугаа сарын мэдээгээр нийслэлийн хэмжээнд шүүхийн 4811 шийдвэр гүйцэтгэгч арга хэмжээг зохион байгуулж байна.
Эдгээр шийдвэрийн дагуу 0-11 насны 4,589, 11 ба түүнээс дээш насны 1,376 хүүхэд тэтгэлэг авч байгаа.
– Нийгэмд энэхүү тэтгэлгийг зөвхөн аавууд төлдөг мэтээр ойлгодог. Тэтгэлэг төлөгч хүмүүсийг хүйсээр ангилж үзвэл хэдэн ээж тэтгэлэг өгөхөөр тогтоолгосон байдаг вэ?
– Одоогоор найман эмэгтэй бий. Дийлэнхдээ асран хамгаалах эрхийг эх талд нь шийдвэрлэдэг.
– Хэрэв тэтгэлгээ өгөхгүй байвал ямар арга хэмжээ авдаг вэ?
– Тухайн тэтгэлэг төлөгч нь хөдөлмөрийн чадваргүй байх, хөрөнгө, ажил орлогогүй байх тохиолдол бий.
Хүүхдийн тэтгэлэг өгөөгүй, төлөхөөс зайлсхийсэн хүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авна. Цалин орлогоос нь суутгал хийх, хөрөнгийг нь худалдан борлуулах, гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ бас бий. Тэтгэлэг төлөгчийн цалин орлогоос суутгахдаа нийт дүнгийнх 50 хувиас хэтрүүлж болдоггүй.
– Хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон ч хэрэгжээгүй тохиолдлууд бас байдаг. Энэ хугацааны тэтгэлгийг нөхөж гаргуулах боломж бий юу?
– Хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас нь нэхэмжлэгч талын хүсэлтээр шийдвэрлэгддэг.
Гэр бүл цуцалсан бол албан шийдвэрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэж өгөхгүй хугацаа их алддаг. Нэг эсвэл тав, 10 жилийн дараа ч авчрах нь бий. Үүнээс болоод хуримтлагдсан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ өндөр болно. 10 жилийн дараа авчирлаа гэж бодоход аваагүй хугацааны тэтгэлгийг бүгдийг нь тооцно. Ингэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирч байгаа юм.
Гэтэл энэ хугацаанд төлбөр төлөгч нь хөрөнгөө бусдад шилжүүлэх, оршин суугаа хаягаа өөрчлөх, гадаадад зорчсон гэх мэт бэрхшээл гарна. Иймээс нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарсан даруйд
албадан гүйцэтгэх захирамж,
гүйцэтгэх хуудсыг манай албанд авчирч өгөх шаардлагатай.
Төлөгдөөгүй хугацааны тэтгэлгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар авч болно. Мөн аав нь хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх, хувцас эд хэрэгслийг нь авч өгсөн учраас тэтгэлэг өгөхгүй гэх тохиолдол бас байна. Гэхдээ гэр бүлийг цуцалж байна гэдэг нь аав байх эрхийг нь хасаж байгаа хэрэг огт биш тул сар бүрийн тэтгэлгээ заавал өгөх ёстой.
Оллоо.мн