Тариаланчдын үндэсний чуулган энэ сарын 13-нд эхэлнэ

ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр 2022 онд хүнсний хангамж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, эх орныхоо эрүүл хүнсний нийлүүлэлт, хангалтыг сайжруулахаар ажиллаж байгаа билээ. Түүнчлэн хаврын тариалалт эхэлж буй энэ цаг үед Засгийн газраас тариаланчдад зориулан хөнгөлөлттэй зээл олгох, өнгөрсөн онд үлдсэн буудайг нь худалдан авч, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн томоохон шийдвэрүүдийг гаргасан.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХХААХҮЯ-аас “Атрын IY аян – Эх орны эрүүл хүнс” уриатайгаар  “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулганыг  энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААХҮЯ-ны харьяа агентлагууд, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монголын Агрономчдын Холбоо, Хөдөө аж ахуйн их сургууль, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Жимс, жимсгэний үндэсний холбоо зэрэг салбарын гол төлөөллүүд оролцоно.

Үндэсний чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд газар тариалангийн салбарт хэрэгжиж буй бодлого, зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замууд, таримал ургамлын сортын салбарын эрх зүйн шинэчлэл, төрөөс олгож буй хөнгөлөлт, урамшуулал, тариалалтад баримтлах технологиуд, Монгол орны ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Зөвлөгөөнөөр гаргасан шийдвэрүүдийг нэгтгэн салбарын бодлого, чиглэлд тусгах аж.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button