Алтыг биш, хар тамхийг ‘хаая’

“Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэсэн энэ үг Гаалийн ерөнхий газрын ажиллах зарчмыг илэрхийлдэг. Тус газар энэ үгийг хэний ч нүдэнд шууд өртөхөөр томоор бичээд үүдний ханандаа хадсан байдаг. Чухамдаа буян гэдэг нь алт, мөнгө бүхий үнэт эдлэл, бузар гэдэг нь хар тамхины төрлийн мансууруулах бодис гээд энгийнээр ойлгож болно. Тиймээс бид энэ удаа буян болсон үнэт эдлэлийг оруулахдаа бус бузар болсон мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхэд хяналт шалгалтыг сайжруулъя гэсэн асуудлыг хөндлөө.

КАРГОНЫ АЧААНД ҮНЭТ ЭДЛЭЛ НУУН ОРУУЛЖ ИРЭХ ЗӨРЧИЛ НЭМЭГДЖЭЭ

 “2021 онд илрүүлж хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ 10 мянга орчим хүн тун хэмжээгээр өссөн. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн 40 орчим хувийг газрын боомтоор, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг эзэлж байна. Хөрш улсуудаас гадна Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис манай улсад нэвтрүүлэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж болзошгүй байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудан илгээмж ашиглан хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн тухайн бодисыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна“ гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяг манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Турк улсаас манай улсын хилээр нэвтрүүлэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ нэмэгдээд зогсохгүй алт, мөнгөн эдлэл их хэмжээгээр орж ирдэг байна. Ингэхдээ татвараас зугтахын тулд гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр нуун дарагдуулж оруулж ирэх зөрчил их бүртгэгддэг юм. Сүүлийн жилүүдэд онгоцоор каргогоор ирж байгаа ачаанд үнэт эдлэл нуун оруулж ирэх зөрчил нэмэгджээ. Гаалийнхан үүнийг рентген туяа, аппаратаар илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцдог.

Тухайлбал, Турк улсаас  гуравдугаар сарын 3-ны өдөр ирсэн 20 тонн ачаа бүхий каргоноос их хэмжээний алт, мөнгөн эдлэл татваргүй нууж оруулахыг завдсан зөрчил илэрснийг гаалийн байгууллагаас мэдээлсэн. Тус байгууллагын хяналт, шалгалтын улмаас ачаа, бараа саатахад хүрсэн учир иргэд бухимдлаа илэрхийлсэн байдаг. Үүнээс гадна БНСУ-аас 5.9 кг алт хилээр нэвтрүүлэх гэж байсан зөрчил гаргасан 18 этгээдийг шалгаж байгаа юм.

АЛТ, МӨНГӨН ЭДЛЭЛ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШААРДЛАГАГҮЙ

\

Гэвч эдгээр маргаан хилээр алт нэвтрүүлэхгүйтэй холбоотой бус хууль бусаар, нууцаар үнэт эдлэлийг хилээр нэвтрүүлэх гэсэн иргэдийн үйлдлээс болсон юм.  Учир нь Монгол Улсын хилээр алт, мөнгө бүхий үнэт эдлэл нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Харин Гаалийн тухай хуулийн зургадугаар бүлгийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэх, тээврийн бичиг баримт, тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз гэсэн бичиг баримтыг бүрдүүлээд татвараа төлөхөд хангалттай. Тоо хэмжээнд хязгаарлалт тавьдаггүй. Энгийн бараа шиг нэвтрүүлнэ. Тиймээс хууль бусаар үнэт эдлэл хилээр оруулж ирсэн иргэд торгуулиа төлбөл хураасан бараа, бүтээгдэхүүнийг эргүүлэн олгоно гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлж байсан юм.

Харин алт, мөнгө бүхий үнэт эдлэлийг хилээр нэвтрүүлж байгаа тохиолдолд сорьцыг баталгаажуулсан бичиг баримт маш чухал байдаг. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналтын газрын гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин “Үнэт эдлэлийн сорьц, чанар нь маш чухал. Хилээр орж ирэхдээ олон улсын сорьцны шаардлага хангасан байвал түүнийг нь үндэслэнэ. Хэрэв сорьц тогтоогдоогүй, үл мэдэгдэж байвал сорьцыг Сорьцын хяналтын газраар тодорхойлуулсны дараа хилээр нэвтрүүлдэг” гэж ярилаа. Сорьцын хяналтын газар нь алт олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч гол байгууллага. Алтны сорьцыг тогтоосноор алтыг худалдах, арилжих нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ашигт малтмалын тухай хуулийн зургадугаар бүлэг 46 дугаар зүйлийн 46.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ” гэж заасан байдаг.

Алт, мөнгө бүхий үнэт эдлэлийг хилээр гаргахад мөн тусгай зөвшөөрөл шаардахгүй. Харин тухайн үнэт металлыг үйлдвэрлэх, худалдаалахад тусгай зөвшөөрөл шаардлагатай.  Энэ тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.2-д “Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардана” гэж тусгажээ.

ОЛБОРЛОСОН ҮНЭТ МЕТАЛЛЫГ МОНГОЛБАНКААР ДАМЖУУЛАН ЭКСПОРТОЛНО

Гэхдээ ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авсан алтаа олборлоод Монголбанкинд тушаагаад, Монголбанкаар дамжуулан экспортод гаргах боломжтой.  Энэ тухай Ашигт малтмалын тухай хуулийн зургадугаар бүлгийн 46 дугаар зүйлд “Үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанкаар дамжуулан экспортод гаргаж болно. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 400 граммаас дээш жинтэй эсвэл түүнээс хөнгөн боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн төрц алт, түүнчлэн ховор өнгө, дүрстэй эрдэнийн чулуу олборлосон бол тэдгээрийг Монголбанкны төрийн эрдэнэсийн санд урамшуулалтай үнээр худалдах үүрэгтэй” гэж заажээ. Монголбанк өнгөрсөн жилд сард 643-3235 кг алт худалдан авсан бол энэ оны гуравдугаар сард 985 кг алт худалдан авчээ. Мөн тус банкны  алт худалдан авах үнэ дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар 188 мянга 368.89 төгрөг байна. Нэг сарын өмнө буюу гуравдугаар сарын 11-нд 184 мянга 545.93 төгрөг байв. 

ЗГ: ТАВАН ХУВИЙН НЭМЭГДЭЛТЭЙГЭЭР АЛТ ХУДАЛДАЖ АВНА

Цар тахлын хямралын дараах дайны сорилоос эдийн засгаа аврах нэг арга нь алтны эргэлтийг нэмэгдүүлэх гэдгийг Засгийн газраас зарлаад байна. Тухайлбал, Засгийн газрын энэ сарын 4-ний ээлжит бус хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Монголбанкинд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авна. Мөн ашигт малтмалаар олборлосон атлаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргийг хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэнд энэ хуулийг хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй” гэдгээ зарласан.

Тодруулбал, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд алт олборлогч ААН-үүдэд Монголбанкны алт, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулсан хэд хэдэн заалт орсон юм.

Алт, мөнгө үнэт эдлэлийг хуулийн дагуу хилээр нэвтрүүлэх тусам улсын эдийн засаг болоод бидний амьдралд ашигтай. Харин мансууруулах бодис биднийг харанхуй ангал руу түлхэж, амьдралыг сүйрүүлж байдаг. Тиймээс буян болсон үнэт эдлэлийг оруулахдаа бус бузар болсон мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхэд хяналт шалгалтыг сайжруулъя.

 “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button