Г.Амартүвшин гишүүн ээ, доромжлолоо зогсоо
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдэгдэл гаргалаа гээд л сүрийг үзүүлж байна шүү. Түүнийхээр бол УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуусын шаардлагыг дэмжиж байгаа гэнэ.
Ингээд ч зогсохгүй бусад Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийг түдгэлзэж байгаад шалгуулчих гэж уриалж байгаа юм гэнэ. Түүний хувьд өөрөө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх үедээ зээл гаргаж байгаагүй, тэр тусмаа нэр бүхий УИХ-ын гишүүдийн компанид олгоогүй хэмээн мэлзэж, ТУЗ шийддэг гэж байсан нь саяхан. Тун удалгүй Г.Амартүвшингийн үед олгогдсон олон тэрбум төгрөгийн зээл ЧАНАРГҮЙ ангилалд орчихсон байгааг олон нийт мэдэх болсон. Товчхондоо тэр ХУДАЛЧ.
Тэгсэн одоо матрын нулимс унагах гэж байна уу эсвэл иргэдээр өрөвдүүлэх гэсэн үү. УИХ-ын гишүүнээс ТҮДГЭЛЗЬЕ гэж ирээд мэдэгдэж гэнэ.
Үнэндээ нэгэнт УИХ-ын гишүүн болсон бол өөрийн хүсэлтээр өргөдөл, хүсэлт өгөөд шийдчихдэг асуудал биш. Бүх зүйл УИХ-ын тухай хуулийн хүрээнд явагдана. УИХ-ын гишүүн бол ард нийтийн саналын үр дүнгээр парламентад сонгогдож, бүрэн эрхтэй болсон. Тэр ч утгаараа УИХ-ын тухай хуульд ТҮДГЭЛЗЭХ биш ТҮДГЭЛЗҮҮЛЭХ гэж бий. Мөн түдгэлзэх биш чөлөөлөгдөх боломж бас бий.
Тодруулбал, хуулийн 9.1. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
9.1.1. гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
9.1.2. гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан
10.1.2. хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн… гэхчлэн заасан байдаг.
Гэтэл Г.Амартүвшин гишүүн л үүнийг мэдэхгүй байна гэнэ дээ. Өөрийгөө өрөвдүүлж, хүндлүүлэх арга чинь буруудаад байгааг хуулийн заалтуудаас харчихаж болдог юм шүү гишүүн ээ.
Хөөрхийг прокуророос дуудаж, шалгах эсэх нь цаг хугацааны асуудал болчихсон учраас л тэр ийн урьтаж байгаа бололтой юм. Уг нь тэр одоо иргэдийг хуурч сонгогдсон үе чинь өнгөрөөд сонгогчид улам хэрсүүжиж байгааг мэдмээр л юм даа.
Б.Төгөлдөр