Төр ЖИП-нээсээ салдаггүй түүхтэй
Залуус төр засаг үүргээ биелүүлж, ажлаа хийхийг шаардсаны дагуу “томчууд” хэмнэлтийн горимд шилжиж буйгаа зарласаан байна. Эхний ээлжинд бүгд л жипнээсээ татгалзахаар болж байна.
Гэхдээ энэ ажил хэр удаан үргэлжлэхийг ёстой чөтгөр л мэдэх байх.
Уг 2007 онд гаргасан Засгийн газрын 349 дүгээр тогтоолд хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс илүү хэмжээний шатахуун хэрэглэдэг суудлын автомашин унахгүй байхаар заасан. Харамсалтай нь хэрэгжээгүй.
Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж, бүр үүрэгдэж байсан түүхтэй.
Тухайн үед зөвхөн төрийн өмчит 757 байгууллага аж ахуйн нэгжид 5058 автомашин ашиглаж байсны 812 нь том оврын, 159 нь дунд оврын жийп. Нэг машинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Түүнчлэн дээрх шийдвэр гарахын өмнөхөн 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гараашийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслийн зардалд 5 тэрбум төгрөг, жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан тухай тооцоо гарч байв.
Харин энэ удаа УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан захирамж хэр хугацаанд хэрэгжиж, үр дүн гарах бол.
2020 оны байдлаар төрд нийт 24 мянган автомашин ашиглаж байгаа судалгаа байсан бөгөөд Үндэсний аудитын газар /ҮАГ/ эдгээрээс зардал ихтэй 119 автомашиныг сонгож тооцоо хийсэн байдаг. Тэгэхэд шатахууны зардалд 361 сая, сэлбэг тос бусад зардалд 271 сая, дулаан зогсоолд 69 сая, жолоочийн цалинд нэг тэрбум төгрөгийг зарцуулсан тухай ҮАГ-ын тайланд тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл өмнөх шийдвэрүүд хэрэгжих биш харин ч том оврын автомашины ашиглалт төрд илүү нэмэгдсээр ирсэн гэсэн үг. Товчхондоо төр, дарга нар ЖИП-нээсээ татгалзаж, буцааж өгдөггүй түүх байсаар л байгаа.
ErenNews.mn
Б.Төгөлдөр