Цаг хугацааны жимээр буюу Төрд хэрэгтэй зайран

Мэлтэлзсэн  их ус алсыг түүчээлэн долгиотоно. Энэ их усанд амьдралынх нь гэгээн дурсамж, цаг хугацаа хамт хөвөн яваа завьчин өвгөн бол Дэнзэн. Тэрээр амаржих дөхсөн тулгуур биетэй эмэгтэйг эмнэлэгт дөхүүлж өгөхийн тулд голын ус үертэй хэдий ч алсыг зорино. Гэвч замд нь тулгуур биетэй эх өвдөж  Дэнзэн өвгөнийг сандаргана. Завьчин өвгөн голын усанд сэлүүрээ алдаж, авах боломжгүй болсон ч хоёр гараараа сэлүүрдэж, мод бараадан завиа зогсоож, эх амарждаг. Өөрийнхөө үснээс тасдан хүүхдийн хүйг боолгоод өмсөж явсан дан цамцаа хүртэл тайлж өгнө. Завин дээр мэндэлсэн бяцхан үрийг тэврээд нулимс дуслуулан буй нь үнэхээр хүний сайхан сэтгэл гэж ямар агуу болохыг мэдрүүлэх аж. Энэ бол Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын бүтээсэн олон сайхан дүрийн нэг “Хүний сайхан” сэтгэл киноны Дэнзэн өвгөний дүр. Тэрбээр Монголын кино урлаг хийгээд театрын олон бүтээлээрээ  цаг хугацааны уртад амьдран буй уран бүтээлч юм.

\Д.Чимэд-Осорын  мэндэлсний 110 жилийн ойд зориулсан  гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Д.Чимэд-Осор агсны хүү Ч.Болд зохион байгуулж, аавынхаа уран бүтээлийн цаг хугацаагаар үзэгчдээ аялуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн танхимын баруун талын жигүүрт Л.Ванган “Эмч нар” жүжгийн Өлзий (Д.Чимэд-Осор) 1953 он гэсэн зураг түүний драмын урлагт 24 жил хөдөлмөрлөсөн уран бүтээлийнх нь 10-аад зургийг өлгөжээ. Харин танхимын зүүн хэсэгт “Цогт тайж” киноны “Ли Сан Син” 1945 он, “Ардын элч” киноны  дэн буудлын эзэн (Д.Чимэд-Осор) Ариунаа (Цэвэлсүрэн) 1959 он гэсэн түүний дэлгэц, кино урлагийн түүхэн цаг хугацааг хүүрнэх зургууд байлаа. Харин үзэсгэлэнгийн танхимын хойд талын жигүүрт Монголын зураачдын зурсан зарим зургийг дэлгэжээ.

 Энэ үеэр Д.Чимэд-Осорын  хүү Ч.Болд “Аавынхаа мэндэлсний  90, 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг  Монголын театрын музейд гаргасан. Тухайн  үед 100 гаруй зураг, эдэлж хэрэглэж байсан хувцас биет үзмэрийг дэлгэж үзэгчдэд хүргэсэн. Харин энэ удаа гэрэл зураг болон хөрөг зураг дагнасан үзэсгэлэн гаргавал  үзэгчдэд илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон. Энэ удаа драмын театр, кино урлаг болон Монголын зураачдын зурсан зарим зургийг сорчлон дэлгэлээ.  Монголын зураач урчууд  аавын минь зургийг олон янзаар зурсан байдгийг номын эх бэлтгэж байхдаа анзаарсан юм. Мөн үзэсгэлэнгийн танхимд драмын театр болон дэлгэцийн бүтээлд аавтай минь хамтарч ажилласан уран бүтээлчдийн хамт авахуулсан  зургийг дэлгэхийг илүү эрмэлзсэн. Аливаа уран бүтээлд хамтран тоглогч гэдэг том нөмөр,түшиг юм гэдгийг ойлгож, хүүгийн  үзэгчийн хувьд хүндэтгэдэг юм. Тиймээс 1936 онд аавыг Бөмбөгөр ногоон театрт ажиллаж эхлэхэд хамгийн анх алтан портнер болж жүжиглэсэн Ч.Долгорсүрэн, Г.Гомбосүрэн  гуайн зургууд бий. Энэ үзэсгэлэнг эдгээр уран бүтээлчийн үр хүүхэд ач зээ нь үзээд миний ээж, эмээ өвөөгийн зураг байна. Ямар сайхан юм гээд баярлаасай гэж бодсон” гэлээ.

Үзэсгэлэнгийн танхимын голд “Хүний сайхан сэтгэл” киноны завьчин өвгөн Дэнзэнгийн  гаансаар тамхи татан, голын дэргэд алсыг ширтэн суугаа хөрөг зураг өлгөөтэй байлаа. Ч.Болд аавынхаа сор болсон уран бүтээлийнх нь уг зургийг гэрийнхээ хойморт залдаг. Үзэгчиддээ хоёр дахь удаагаа дэлгэн харуулж буй нь энэ аж. Уг зургийг зураач Н.Орхон зурсан байна. Тэрбээр уг бүтээлийнхээ өмнө зогсоод “Өнөөдөр бид ахмад үеийнхээ хийж бүтээсэн зүйлийг мартаж болохгүй.

Энэ алдартай авьяастай уран бүтээлчдийн үед нийгэм нь өөр байсан ч гэсэн  оюун санаа, соёл урлагийн хувьд бие даасан байдлыг бий болгож чадсан. Энэ суурин дээр өнөөдрийн бид бий болж байгаа. Тиймээс өнөөгийн залууст сануулах уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаад баяртай байна” гэсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Д.Чимэд-Осортой хамт ажиллаж байсан уран бүтээлчид болон тэдний үр хүүхдийг урьсан байв. Энэ үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн кино телевизийн зураач Т.Боош “Намайг 18 настай Монголын кино үйлдвэрийн босгыг алхахад уран бүтээлийн минь анхны гарааг гаргасан  уран бүтээлч хүн бол Д.Чимэд-Осор гуай. “Гологдсон хүүхэн” кинонд зураачаар ажиллая гэсэн орон тоо байхгүй.

Оёдолчноор намайг анх авч байсан юм.Тэгээд  оёдолчин хийгээд хажуугаар нь зургаа зураад явдаг байсан. Харин дараагаар нь 1992 онд “Нүгэл буян” киноны ерөнхий зураачаар намайг ажиллуулсан. 19-хөн настай хүү киноны ерөнхий зураачаар ажиллана гэдэг том боломж. Д.Чимэд-Осор гуай хүнийг тэр бүр магтахгүй, хэлье гэснээ шууд хэлчихдэг, ажигч гярхай хүн дээ” хэмээн хуучилсан юм.

\

\

\

\

\

\

\

“Зууны мэдээ” сонин

П.Амгаланбаяр

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button