‘Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн’ эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр,
тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Д.Есөн-Эрдэнэ “Таримал ургамлын үр сортын салбарын эрх зүйн шинэчлэл” сэдвээр,
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн “Төрөөс тариалангийн салбарт үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг”-ийн талаар,
Монголын тариаланчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ Монголын тариаланчдын үндэсний холбооны талаар,
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа “Тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж”-ийн талаар, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, доктор, дэд профессор Т.Дэжидмаа “Үр тарианы таримлын өвчин хортон, хог ургамлын тархалт, анхаарах асуудлууд” сэдвээр, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх “Монгол орны ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өгч байна.
Хаврын тариалалтын нөр их ажлын гараан дээр ХХААХҮЯ, газар тариалангийн салбар тэр дундаа үр тариа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод зэрэг тал бүрийн 1000 орчим төлөөлөл нэгэн дээвэр дор цуглаж, асуудал шийдлийг хамтад нь ярилцан зөвлөлдөж байгаагаараа энэ зөвлөгөөн онцлогтой юм.