‘Тэнсэн’-тэй гурав
МАН-ынхан Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын таван гишүүнээс дараах нэр бүхий хүмүүсийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал оруулахаар болжээ. Нийгэм болон намдаа хамгийн их дуулиан тарьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ч.Ундрам, Г.Амартүвшин нарын нэрийг Улсын ерөнхий прокуророос санал болгохоор зэхэж буй учраас ийнхүү яаравчлах болсон аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн тухайд тэр Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөртэй нь нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин нарыг энэ асуудлаас хол байлгахыг хүссэн. Тэгвэл хууль хяналтын байгууллагынхан тухайн үеийн Хөгжлийн банкны захирлаар Г.Амартүвшин ажиллаж байсан учраас найзынхаа компанид давуу эрх олгож, эрх мэдэл албан тушаалаа ашигласан гэж буруутгаж түүнийг ийнхүү яллагдагчаар татаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болоод буй аж.
Харин Г.Амартвүшин дээрх ажиллагааг мэдсэн учраас яаран сандран өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим хуудаснаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзэж буйгаа мэдэгдэж олон хүнийг алмайруулсан ч амжилт олоогүй.
Энэхүү дуулиантай зэрэгцээд аавыгаа нойргүй хонуулж уучлалт гуйлгуулаад байсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам Хөгжлийн банкнаас нэг биш нэжгээд зээл авсан асуудал нь сөхөгдөж бас л асуудал дагуулж намаасаа хөөгдөх үү, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх үү гэдэг хүндхэн сорилтын өмнө иржээ.
Дээрх нэр бүхий УИХ-ын гишүүд анх удаа парламентад сонгогдсон хүмүүс. Тэд өөрсдийгөө зээлийн асуудлаас холдуулахын тулд “УИХ-ын гишүүн биш байхад хамаарал бүхий хүмүүс маань авсан. Зохион байгуулалттайгаар гүтгэж байна” гэх тайлбарыг олонд чулууддаг.
Тэгвэл тэднийг хамгийн их хамааралтай байсан гэдгийг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга баталж тэдэнд хууль хяналтын байгууллагаар гэм буруугүй эсэхээ шалгуул гэж хугацаатай үүрэг өгсөн бол прокурорын байгууллагаас ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах нь ээ.
Мэдээж уг асуудал эхлээд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх учраас кнопчид авч үлдэхийг хүссэн ч МАН-аас авч үлдэхгүй гэсэн чиглэлийг намынхаа гишүүдэд өгсөн тухай эх сурвалж мэдээлж байв.
Товчхондоо бол намаасаа хөөгдөх тэнсэнтэй байгаа 3 гишүүн УИХ-ын гишүүн гэсэн сэтрээсээ ч салах магадлал өндөр болжээ.
Р.Саруул