А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой байна
Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн “Монголын Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээний үеэр хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
– Валютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Төгрөгийн ханш сүүлийн үед суларч буй шалтгаан нь юу вэ. Цаашдын төлөв болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?
Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% сулраад байна. Өмнө нь ковидын үеийн эрсдэл байсан бол 2 дугаар сарын сүүлээс ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад гадаад орчны тодорхой бус байдал бидний төсөөлж байгаагүйгээр муудаж байгаа. Үүнээс шалтгаалаад гадаад валютын нөөц, төгрөгийн ханш дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Гэхдээ төгрөгийн ханшийн сулралт бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ойролцоо, зарим валютаас сайн үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, хөгжингүй орнуудын нэг Японы иен өнгөрсөн 1 жилийн хугацаанд ам.долларын эсрэг 10 орчим хувиар сулраад байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэснийх нь валютад ийм хэмжээний дарамт ирж байхад төгрөгийн хувьд 5.8% гэдэг нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт. Гэхдээ Монголбанкнаас шаардлагатай бодлогын арга хэмжээг авч байгаа. Хамгийн сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн харьцангуй өгөөжийг ийнхүү дээшлүүлснээр ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Цаашид ч гэсэн шаардлагатай тохиолдолд бодлогын шийдлээ гаргаад, арга хэмжээ аваад явна. Нөгөө талаасаа Монголбанкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. Өчигдөр УИХ-ын даргын чуулганы хуралдаан дээр мэдэгдсэнээр Монгол Улсад ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болохоор байна. Нэгдүгээрт, арилжааны банкууд гаднаас тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж буй. Мөн уул уурхайн томоохон компаниуд болох Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт эдийн засгийн хүндрэлтэй цаг үед нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэмжээний валютын урсгал бий болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд нөөц нэмэгдэж, ханш тогтворжино гэж харж байна.
– Эдгээр алхмууд хэр хугацаанд үр дүнгээ өгөх бол?
Бидний төсөөлж байгаагаар гадаад орчны тодорхой бус байдал хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч. өмнөд хил дээрх хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр 4 дүгээр сардаа багтаагаад нүүрсний уртын тээврийг эхлүүлснээр борлуулалт нь тодорхой хэмжээнд нэмэгдэж, орох урсгал сайжирна гэж хүлээж байна. Тиймээс он гарснаас хойш буюу сүүлийн 1-2 сарын хугацаанд үүссэн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр арилна гэж бид харж байна.
– Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ гэж төлөвлөөд байна. Тэдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд валютын ханшийн алдагдал хүлээх эрсдэл харагдаж байна уу?
Валютын ханшийн эрсдэл гэдэг нь зөвхөн Монгол Улсад ч биш, дэлхийн бүх улс оронд байдаг үзэгдэл. Манай үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь нөөцийн валют биш. Бид өөрсдийгөө АНУ-тай харьцуулбал өрөөсгөл болно. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төр, ААН, иргэдэд ханшийн эрсдэл байх нь зайлшгүй. Тиймээс тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд нь ханшийнхаа эрсдэлийг зөв тооцоод, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах боломж нь нээлттэй.
– Валютын нөөцийг бүрдүүлэхэд алт худалдан авалтын нөлөө ямар хэмжээнд байдаг вэ. Нөөцийн хүрэлцээт байдал хэр хэмжээнд байна вэ?
Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ.
Одоогийн байдлаар гадаад валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэ нь манай улсын 6-7 сарын импортын хэрэгцээг хангах буюу олон улсын жишгээр харвал харьцангуй хангалттай түвшин юм. Иргэдэд хандаж хэлэхэд ханш суларна гэсэн хүлээлтээр төгрөгийн хуримтлалаа ам.долларт шилжүүлэх гэж яарах шаардлагагүй. Бидний хувьд нөхцөл байдал тогтворжино гэж үзэж байна.
– Иргэд найман шаргын ханшаар зах зээлийг төсөөлж байна. Гэтэл гол гүйлгээ хийдэг талбар нь арилжааны банк хооронд явагддаг. Монголбанкны албан ханшийн талаар тайлбарлаж өгнө үү?
Валютын зохицуулалтын тухай хуулиар Төв банк албан ханшийг зарладаг. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа албан ханш нь уржигдрын 15:00 цагаас өчигдрийн 15:00 цагийн хооронд банк хоорондын зах дээр хийгдсэн бүх валютын арилжааны дундаж юм. 2021 онд банк хоорондын зах дээр нийт 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын арилжаа хийгдсэн байна. Энэ нь дотоодын валют арилжааны 95%-ийг бүрдүүлжээ. Монголбанкнаас зарлаж байгаа ханш бол энэ арилжааны дундаж учраас зах зээлийн, илүү бодитой ханш гэсэн үг. Найман шарга дээр зарлагдаж байгаа ханш нь ихэвчлэн бэлэн валютын арилжааны ханш юм. Тиймээс зах дээрх хүлээлт өөрчлөгдөж, хүмүүст болгоомжлол бий болохоор валютын арилжаа хийдэг иргэдийн хувьд ашиг олох зорилгоор ханшаа өндөрсгөх үзэгдэл гардаг. Үүнийг Санхүүгийн Зохицуулах Хороо, хууль сахиулах байгууллагуудтай хамтран нарийвчлан шалгаж байна.