Жагсаалын үеэр энгийн иргэнийг өшиглөсөн прокурор эхнэртэй офицер хариуцлагаас мултарчээ

Залуучуудын нэгдсэн жагсаалын үеэр бариьчлагдаж, чирэгдээд явж байгаа иргэнийг хууль сахиулагч нэг нөхөр араас нь очиж өшиглөж тийрсэн нь дүрс бичлэгт үлдэж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.

 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн Х.Нямбаатар нар “ОГТ МЭДЭЭГҮЙ” гэж тухайн үедээ тайлбарлаж байсан.

 

Тэгвэл хийх ёстой ажлаа мэддэг хүмүүс нь тухайн ӨШИГЛӨГЧ нөхөр хэн гэдгийг тогтоожээ. Тэр бол Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж гэгч.

 

Түүний энэхүү зүй бус үйлдэлд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцон хашиж байгаа албан тушаалаас нь буулган, цолыг нь бууруулсан гэнэ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд ч Б.Дулмаадорж гэх энэ хошуучийг цагдаагийн байгууллагад ажиллах ёсгүй гэж үзэн халах саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн аж.

 

Гэтэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Б.Дулмаадоржийг хамгаалан “албанд нь ажиллуулах” хүсэлт гаргаснаар албанаас халах ёстой шийтгэл нь “арга хэмжээ” болон өөрчлөгдсөн байна.

 

Ёс зүйгүй, хариуцлагагүй Б.Дулмаадоржид  том ар байдаг учраас тэр ийн өнөөг хүртэл цагдаагийн байгууллагад байсаар байгаа юм.

 

Түүний эхнэр нь Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Намсрайжавын Булганчимэг гэгч эмэгтэй. Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурийн төрсөн эгч нь. Товчхондоо Б.Дулмаадорж прокурор эхнэр, улсын аварга бөх хадам дүүгийнхээ буянаар өнөөг хүртэл цагдаагийн байгууллагад шигдсээр байгаа аж. Бүр үүнийг нь бататгаж байгаа гэсэн шиг мань Б.Дулмаадорж ердөө долоохон жилийн хугацаанд дэслэгчээс хошууч цолтой болсон гэж байгаа. Тиймээс ч албаныхан Монголын цагдаагийн байгууллагад “хамгийн хурдан хугацаанд цол нэмдэг” бүлэглэлд хамаардаг ч гэдэг юм билээ.

 

Анх Б.Дулмаадорж 2015 онд Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн газарт дэслэгч цолтой ажилд орж, төрийн албанд зүтгэж эхэлж байсан бол өнөөдөр цагдаагийн хошууч цолтой, дүүргийн цагдаагийн хэлтэст Хэв журмын тасгийн дарга болчихсон.

 

Дарханаас нийслэл рүү ажлын байраа солин ирсэн Б.Дулмаадоржийн хувьд эхнэр нь ч бас тус аймагт тээврийн прокуророор ажиллаж байгаад “дутагдал” гарган ажлын байраа сольсон байдаг.

 

Ингээд эхнэр нь Чингэлтэй дүүргийн прокуророор ажиллаж эхэлсэн бол нөхөр нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэсгийн байцаагч, нийслэлийн Цагдаагийн газарт Хэв журмын ахлах, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга зэргээр шат шатаар албан тушаал ахьсан байдаг.

 

Энэ мэтээр албан тушаал дэвшсэн учраас Б.Дулмаадоржийн прокурор эхнэр, хадам дүү Н.Батсуурь аваргынх нь нөлөө гэж ярьдаг ч биз. Тэгээд ч онгироо, сагсуу зантай, өөрөөсөө хүч ядмаг нэгэнд аархан уур омгоо гаргадаг гэдгийг нь баригдаад чирэгдэж яваа энгийн иргэнийг араас нь очиж, дэвсэлж, өшиглөж байгаа увайгүй үйлдэл нь ч илт харуулсан гэхэд болно.

 

Дөнгөж өчигдөрхөн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагыг сольсон. Шинэ дарга алба хаагчдынхаа ёс зүйд анхаарч, алдаа, дутагдал гаргасан аавын хүүхдүүдэд адил, тэгш хандаж, хариуцлага тооцох ёстой.

 

Тэгээд ч сайд Х.Нямбаатар нь салбартаа шинэ жишиг тогтоох гэхээр алба хаагчид нь бугшмал байдлаасаа салах дургүй, булайтнаа авч үлдэж байгаа нь ёс зүйн хувьд хэр зохистой үйлдэл вэ.

ErenNews.mn

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button