Самбалхүндэвт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг эхлүүллээ
Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах, тэнд нутаглуулсан насан өөд бологсдын шарилыг нүүлгэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийд, Нью семетри ХХК-ийн хамтран хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн энэ өдөр Гандантэгчэнлэн хийдийн лам хуврагууд хурал ном хурж, зан үйл хийсэн юм.
Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. Далан давхар орчмын нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэсэн тоо гарч, тэдгээрийн 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байна. Чухам тиймээс нийслэл хотын хойморт орших Самбалхүндэвт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар зорьж буй юм. Бид төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
Гандантэгчинлэн хийдийн лам Ж.Одгарьд:
–Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. 2021 онд Нийслэлийн Засаг даргын А/733 тоот захирамж гарч, асуудлыг нэг талд гаргаж, хэн ч харсан сэтгэлд зохистой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлыг Гандантэгчэнлэн хийд, тус хийдийн лам хуврагууд дэмжиж байгаа.
-Өөд болоочдын шарилыг нэг байрлалаас нөгөө рүү зөөхөд ямар зан үйл хийж гүйцэтгэдэг вэ. Урьд өмнө нь ийм тохиолдол олон гарч байсан уу?
-Дээдэс лам нарын бичиж үлдээсэн судар номын дагуу зан үйл хийж, хурал ном хурж байна. Өнөөдөр лам хуврагууд маань Гүнрэгийн лхого, Лүйжин зэрэг номыг хурлаа. Цаашид өдөр тутамд хурал ном үргэлжлүүлэн хурна. Бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлэх зан үйл урьд өмнө болж л байсан үйл л дээ. Ялангуяа Мял Богд төгс гэгээрсэн бурханы хутгийг олоод өөрийн ээжийнхээ шарилыг олоод дахин оршшож байсан гэдэг. Орчин цагт ч ялгаагүй ийм зан үйл олонтаа тохиосон. Түмэн олныхоо тусын тулд насан өөд бологсдын ар гэр зөв сэтгэлээр хандаасай гэж уриалмаар байна. Энэхүү оршуулгын газарт Гандантэгчэнлэн хийдийн олон лам хуврагуудыг нутаглуулсан байдаг. Тэднийхээ гүдэнг гаргаж, дахин хайлж, хүндэтгэлийн суваргад шүтээн болгон зална гэсэн юм.
Нью семетри ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа:
-Тус төслийг хэрэгжүүлэх санаачилга хэрхэн гарсан бэ?
-Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгоход хувь нэмрээ оруулах, өөрсдийн салбарын хөгжлийг тэтгэх, оршуулгатай холбоотой олон тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ар гэрийнхний дэмжлэгээр чамгүй зориг шаардсан ажлыг эхлүүллээ. Гүн хүндэтгэлтэй, нэн хариуцлагатай энэ ажлыг нээлттэй байх зарчмаар хийж гүйцэтгэнэ. Анх 2015 онд УБЗАА-аас тооллого хийхэд оршуулгын 30 хувь эвдрэлтйэ байсан бол одоо 50 хувь болж нэмэгдээд байна. Тиймээс ар гэрийнхний зүгээс айдас хүйдэсгүйгээр бурхан болоочоо эргэж болох нь гээд талархалтай хандаж байгаа гэлээ.
-Нэр хаяг тодорхойгүй булшнуудыг яах вэ. Ар гэрийнхэн нь холбогдож байна уу?
-Хэний хэн, хэдэн онд оршуулсан нь тодорхойгүй бурхан болоочдын шарилыг чандарлаад дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд мөнхжүүлнэ. Нэр хаягтайг нь мөн сийлж мөнхжүүлнэ. Төсөл хэрэгжүүлж буй 10 газарт багтсан насан өөд бологсдын нэрийг www.sambalhundev.mn сайтад байршуулсан. Тэндээс хайж олж болно. Төслийн талбайд байршсан бурхан болоочийн ар гэрийнхэн шарилыг гаргах өдрөө өөрсдөө сонгох боломжтой.
-Гадаадын иргэд цөөнгүй бий гэсэн. Холбогдох байгууллагуудтай нь холбогдсон уу?
-Тухайн улсын Элчин сайдын яам холбогдох газруудад нь мэдээ, мэдээллээ хүргэсэн. Ямар байдлаар хамтран ажиллахаа ярилцаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас есдүгээр сар хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэх юм.
-Төслийн бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Төсөл гурван бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Нэгдүгээрт, талбайд хамаарагдаж буй 11 мянган бурхан болоочийн шүтээн чандрыг залах дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, буяны сүмийн бүтээн байгуулалт, хоёрдугаарт эмгэг судлалын төв буюу цогцос хадгалах байр, гуравдугаарт оршуулга болон түүнтэй холбоотой зан үйлийн нэгдсэн цогцолбор байгуулна гэлээ.
Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, Дэнжийн мянгын хүнсний захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах ажлыг эхлүүллээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР