Ард түмэн ийм үр дүн хүлээгээгүй шүү, эрх баригчдаа

Үнийн өсөлтийг эсэргүүцэж залуус жагссан. Бүтэн 7 өдөр жагссан тэдний жагсаал өнгөрөгч бүтэн сайн өдөр буюу 4 дүгээр сарын 10-нд өндөрлөсөн.

 

Гэтэл маргааш нь буюу 4 дүгээр сарын 11-нд юмны үнэ илт өсч тухайлбал талх, боов боорцог гэх мэт гурилан бүтээгдэхүүний үнэ 20 орчим хувиар нэмэгдэж, талхны үнэ 2300 төгрөгт, сүү тараг, хүнсний ногоо болон өргөн хэрэглээний барааны үнэ 30-40 хувь өсч, 500 грамм тараг 3200 төгрөг болж, такси үйлчилгээ эрхлэгчид 1км-т 1500 төгрөгөр явдаг байсан бол 2000-2500 төгрөгөөр үйлчилж байх жишээтэй.

 

Энэ тэгээд залуусын жагсаалын үр дүн үү…Тэд юмны үнэ өртгийг нэмэгдүүлэх гэж жагссан болж таарч байгаа хэрэг үү гэх асуулт хариулт нэхэж эхэллээ.

 

Тэгвэл асуултын нөгөө талд “Ерөнхий сайдын шоу” байсан гэх яриа ч зэрэгцээд гарчихсан “Зохион байгуулалттай байсан. Залуусын жагсаал гэж байсан ч МН-ын ахмадууд үүр үүрээрээ ирээд суучихсан бүртгэл явуулж байсан” бөгөөд тэдэнд “Ц.Элбэгдоржийн Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаж байгаа учраас… та нар очих хэрэгтэй байна” гэх мессеж өгсөн байсан нь ч бас чих дэлсэж байв.

 

Уг нь залуусын жагсаал үр дүнд хүрэх нь ядаж л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хасагдахгүй юмаа гэхэд нэмэгдэхгүй нь гэж горьдож байтал ёстой л тамтаггүй нэмэгдэнэ гээч болж орхилоо.

 

Төр засгийнхний “дундаж, дунджаас доогуур амьдралтай” гээд байгаа ихэнх иргэд өнөөдөр цувдай голдуу идэж, хааяахан махны бараа хардаг. Тэгвэл өнөөдөр тэрхүү таван цулын үнэ ч нэмэгдэж атгын чинээ уушги, бөөр, элэг 1500-2000 төгрөг болчхож…

 

Юмны үнэ ийнхүү хоногийн дотор нэмэгдсэнээс харахад залуусын жагсаалын хариуг эрх баригчид шүд зуун ийнхүү барьж гэж ойлгогдож байна. Ард түмэн ийм үр дүн хүлээгээгүй. Одоо тэгээд яах уу, эрх баригчид аа…?

 

ErenNews.mn

С.Цээл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button