Н.Цэрэнбатын шунал ба Богдхан ууланд нүглээ наманчлах сэдэл

Нүгэлтэнд эрх мэдэл олгохоор ард нь ямар их гашуун мөр үлддэгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат.

 

Тэр өнгөрсөн удаа УИХ-ын сонгуульд ялагдсандаа ялархан өдгөө Эрдэнэс оюу толгой  компанийн гүйцэтгэх захирлын албанд очоод сандайлчихсан.

 

Тэр төрийн өндөр албан тушаалтан байхад хэзээ ч тохирохгүй, нийцэхгүй гэдэг нь өдөр бүр батлагдсаар байхад МАН-ынхан мань хүнд итгэл үзүүлсээр байдаг нь юуных вэ.

 

Н.Цэрэнбат БОАЖ-ын сайд байхдаа Зайсан толгойн газрыг бусдад хэрхэн хувааж өгсөн талаар өмнө нь бид мэдээлж байсан.

 

Тэгсэн энэ удаа олны анхаарлыг татаад байгаа Цэцэн эрхит ловон Бадамжунай бурхны хөшөө бүхий бүтээн байгуулалтын ажил ч мөн л түүнтэй холбоотой болж таарлаа.

 

Тодруулбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хийгдэж байгаа энэ ажлын анхны зөвшөөрөл буюу 23.5 га газрыг нь тухайн үеийн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018 оны А539 дүгээр захирамжаар “Лувсан Данзан Равжаа академи” ТББ-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын хязгаарлалтын бүсэд олгосон байна.

 

Харин газар ашиглах эрхийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2019 оны нэгдүгээр сард олгожээ. Тэд Яах вэ, сайдын тушаалтай очмогц ЗА л гэх хүмүүс байгаа хойно.

 

Ингэж л өнөөдрийн хэрүүлийн алим болоод байгаа Богдхан уулын оройг сэндийичих эхлэл тавигдсан. Мань хүн өөрийн их шунал, Дархан цаазат уулаар тоглосон нүглээ Богдхан ууланд бариулах их бурхандаа очиж наманчилна гэж  бодоогүй л байлтай.

 

Харин одоогийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Удахгүй хүн бүр бүх мэдээллийг ил тод үзэх боломжоор хангана. Зарим иргэд заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. Нийслэлийн 1.6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хамгаалахгүй бол болохгүй гэдгийг анхааруулъя. Жич: Бурхан барихтай холбоотой ажлыг хэсэг гарч шалгаж байгаа болно. Соёмботой уулнаас тусдаа асуудал” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн.

 

Хэрвээ тэр дээрх бичсэндээ хүрвэл өмнөх сайд, өнөөх Н.Цэрэнбатынхаа булайг дэлгэж, Дархан цаазат ууланд эзэн суусан нөхдийг хөөх нь ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button