Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ
Энэ оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11:54 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт иргэнээс “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны дунд үл таних хүн халдаж цүнхийг маань дээрэмдчихлээ” гэх мэдээлэл ирүүлсэн.
Дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус дүүрэгт оршин суух 44 настай, эмэгтэй “О”-г 10:00 цагийн үед ажилдаа явж байхад үл таних хүн халдаж цүнхийг нь дээрэмдэн авч явсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 31 настай, эрэгтэй “Д” гэгчийг тус дүүргийн нутаг дэвсгэрээс 16:00 цагт дайчлан баривчилж, дээрэмдсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Уг этгээд нь тухайн үед дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд дээрх этгээдтэй төстэй хүний халдлагад өртөж хохирсон иргэд байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандана уу.
Оллоо.мн