Б.Хулан: Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлдэг
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Зайон ассет менежмент”ХХК-ийн Партнер хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Хуланг урилаа.
Хүүг бууруулах стратеги хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээсэн
-Хөрөнгийн зах зээл нь эдийн засаг дахь мөнгөний дахин хуваарилалтыг хийх замаар хөрөнгийг илүү хэсгээс, хэрэгцээтэй хэсэг рүү зуучилж, тэр шилжилтийг хийж оролцдогоороо онцлогтой. Хөрөнгийн дахин хуваарилалт хэдий чинээ шударга, зөв байна төдий чинээгээр эдийн засагт эерэгээр нөлөөлдөг.
Монгол Улс 1990 онд нээлттэй эдийн засагт шилжсэн хэдий ч хөрөнгийн зах зээлийн реформыг зэрэгцүүлж чадаагүй хоцорсон. Сүүлийн жилүүдэд хийсэн зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилттэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ бүлэг хуудсаа нээсэн гэж харж байна. Банкны салбар санхүүгийн зах зээлийн 90 хувийг эзэлдэг байсан бол энэ реформын хүрээнд хөрөнгийн зах зээл тэр дундаа мэргэжлийн хөрөнгө оруулагчдын орон зай томоор тэлэх боломж нээгдлээ. Энэ бүлгийг хэрхэн зөв бичих нь эко системийн, оролцогчдын, зохицуулагч байгууллагын, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын, зуучлагчдын түүхэн үүрэг. Хөгжүүлэх хэд хэдэн боломж байна. Нэгдүгээрт, тоглоомын дүрмээ тодорхойлж буй хууль эрх зүйн орчинг суурьтай, зөв бүрдүүлэх нь чухал юм. Хууль эрхзүйн орчинг бүрдүүлж байна гээд дөнгөж эхэлж байхад нь эрсдэлээс хамгаалах гэдгээр хэт хатуу хөшүүн болгочихвол зах зээл урагш явахгүй.
Нөгөө талаас жижиглэн хөрөнгө оруулагчдын мэдлэг, мэдээлэл муу учраас тэр хэсгээ хамгаалсан зохицуулалт байх нь зөв. Тиймээс олон талаас нь харж, уян хатан орчин бий болгох нь чухал. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо маш чухал. Учир нь бид зөвхөн импортын тухай эсвэл валютын тухай яриагүй. Харин хөгжсөн орнуудтай хамтарч ажиллахын зэрэгцээ туршлагаас нь суралцах, дотоодын хүний нөөцөө хөгжүүлэх, технологи нөү хауг нутагшуулах зэрэг дам нөлөөг бодолцох хэрэгтэй. Өнгөрсөн 10, 20 жилийн явцад хөдөлмөрийн зах зээлд хамгийн “толгойтой” гэх хүмүүс банк, санхүү, хууль эрх зүй, мэдээлэл технологийн салбарт илүүтэй ажиллаж зарим нь гадагшаа явж байгаа нь ажиглагдсан. Энэ нь ажлын байранд хангалттай нийлүүлэлт байдаггүй байсантай холбоотой. Магадгүй банк, санхүүгийн байгууллагын мэргэжилтэй ажилтан илүүдэлтэй байхыг үгүйсгэхгүй. COVID-19-ийн үед гэрээсээ ажиллах боломж орон зайнаас үл хамааран бүрдсэн. Тиймээс энэ үеийг ашиглаж илүүдэлтэй байгаа хүний нөөцөө эх орондоо амьдрангаа олон улсад ажиллах боломж нээлттэй боллоо. Гэрээсээ ажиллангаа, орлого олдог, мөн суралцдаг бизнес модель загвараар яагаад хөгжиж болохгүй гэж. Хөгжил ярихдаа хүний хөгжлийг орхигдуулаад байдаг тал бий.
Манай улсад үнэ болон тоо хэмжээгээр өрсөлддөг зах зээлд давуу тал байхгүй
-Өнөө үед ажил олгогчид, менежерүүд уламжлалт арга барилаа хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуу үедээ тулгадаг. Гэтэл энэ арга барил одоо үеийнхэнд тохирохгүй. Жишээлбэл, намайг “HSBC”- д ажиллаж байхад жилд 800 шинэ төгсөгч ажилд авч байсан. Тэгэхэд шинэ ажилд нь сургах чиглүүлэх төрөл бүрийн сургалт орохын зэрэгцээ тэднийг хүлээн авч дадлагажуулж удирдаж буй хүмүүст нийгмийн сэтгэл зүй, шинэ үеийн залуусын онцлог, хэрхэн хамтарч ажиллавал үр дүнтэй байж болох талаар сургалт орж байсан. Энэ үеийнхэнтэй хэрхэн харьцах, анхаарал нь хэрхэн төвлөрдөг, ямар аргаар сургах юм зэрэг энэ тал дээр сургалт авдаг. Ингэснээр ажлын үр дүн хэн хэндээ эерэг байснаар үнэ цэн бүтээхэд хамгийн чухал гэж үздэг. Аль ч зах зээлд Монгол Улс цөөхөн хүн амтай учраас үнэ болон, тоо хэмжээгээр өрсөлддөг зах зээлд давуу тал байхгүй. Тиймээс илүү онцгой зах зээлд үндэсний онцлог үнэ цэнээ гаргаж гэрийн даалгавараа сайн хийж гарах нь боломжийг цаашид ашиглахад дөхөмтэй. Хөрөнгийн зах зээл хөгжих суурь орчин харьцангуй бүрдсэн гэж харж байна.
Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний жилүүдэд манай бизнесийнхэн аль болох олон төрлийн бизнест зэрэг хөрөнгө оруулалт хийх нь нийтлэг байсан. Харин ирээдүйд энэ нь тийм ч зохимжтой загвар биш. Өөрөөр хэлбэл хамгийн сайн чаддаг, салбартаа төвлөрөөд бусад үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх соёлд бага багаар суралцаж байна.
Үүний нэг жишээ нь бодит салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага болгонд их бага хэмжээгээр хөрөнгөө удирдах хэрэгцээ шаардлага бий. Тэглээ гээд компани болгон хөрөнгө оруулалтын менежментийн компани нээгээд явж болохгүй. Тийм хэрэгцээ шаардлага ч, боловсон хүчин ч зах зээлд байхгүй. Санхүүгийн, хөрөнгө оруулалтын компани ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчимтай ч зөрчилдөнө.Нөгөөтэйгүүр мэргэжлийн оролцогч нар жижиглэн хөрөнгө оруулагч нараа голох хэрэггүй. Харин ч хамтдаа хөгжиж хэрэгжүүлж суралцаад явах нь урт хугацаандаа хэн хэндээ хэрэгтэй учраас хүний нөөцийн бодлогод тодорхой цаг хугацааг зориулах нь нийгмийн хариуцлагын хүрээнд чухал. Ер нь хөрөнгийн зах зээлийн эко систем, зөөлөн хатуу дэд бүтэц бүрдүүлэх гэх мэт том зургаар нь харах юм бол салбар тухайлсан хуульд косметик засвар хийхээс илүүтэй сууриар нь өөрчлөлт хийснээр цааш хурдацтай явах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг хуулиар зохицуулагдах боломжгүй салбар. Бүр тодруулбал, дан ганц компанийн, иргэний, үнэт цаасны тухай гэх мэт хуулиар явахад хүндрэлтэй. Ерөөсөө хуулийн шинэчлэлийг ганц нэг хуулийн заалтыг өөрчлөх байдлаар явахгүй. Тиймээс хөрөнгийн зах зээл гэж юу вэ, юун дээр тогтож явдаг зах зээл юм, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хуулийн этгээд болон мэргэжлийн ёс зүйн үүднээс хэрхэн хамгаалагдах вэ гэдгийг хуульд тодорхой болгосноор салбарын хөгжил хурдацтай урагшилна. Тиймээс энэ парламент хууль эрх зүйн өөрчлөлтийг зоригтой хийгээсэй гэж хүсч байна.
Дундаж давхаргыг тэлэхэд хөрөнгийн зах зээлийн оролцоо чухал
-Аливаа улсын дундаж давхарга дийлэнх байгаа орны хөгжил тогтвортой байдаг. Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудад баян хоосны ялгаа, боловсролын ялгаа амьжиргааны ялгаа их болж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын бодлого, дундаж давхарга руу чиглэж байна гэж харж байгаа. Монгол Улс олон улсын геополитик, эдийн засгийн орчинд бодлого тодорхойлогч биш хүлээн авагч байр суурьтай, тийм газар зүйн онцлогтой орон. Тэгэхээр бидний хяналтад байгаа хийж чадах зүйлс тийм ч их биш. Тиймээс байгаа сонголтууд дундаа маш ухаалаг, оновчтой шийдвэр гаргах нь бидний хийж чадах боломж. Дундаж давхаргыг тэлэхэд мэдээж орон сууц болон цалин мөнгөний асуудлыг шийдвэрлэх зэргээр нийгмийн шинж чанартай асуудал чухал үүрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн оролцоо юу байж болох юм гэвэл дундаж иргэн, дундаж айл өрхийн санхүүгийн бүтэц, төлөвлөлт нь ямар байгааг судлаад бага ч гэсэн хуримтлал үүсгээд тэтгэвэрт гарахад нь дан ганц тэтгэврээс хамааралтай биш болгох. Тэтгэвэрийн санг мэргэжлийн багаар удирдуулвал 30 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа нийгмийн эмзэг бүлэг рүү шилжиж, үр хүүхдүүдээсээ хэт хамааралтай байдалд орохгүй юм гэдгийг ойлгуулах. Харин ч тэтгэвэрт гарснаар хөдөлмөрийн үр шимээ хүртээд амгалан тайван байх орчинд байгаасай. Үүнд хөрөнгийн зах зээлийн оролцоо, мэргэжлийн удирдлага, нээлттэй ил тод байдал, сайн засаглал, олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах, иргэдийн санхүү хөрөнгө оруулалтын мэдлэгийг нэмэгдүүлэх.
Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан компанидаа “активизм” хийж болдог
-Хөрөнгийн зах зээл хамгийн сайн хөгжсөн АНУ-ын нийт хөрөнгийн зах зээлд эргэлдэж байгаа хөрөнгийн 80 хувь нь мэргэжлийн хөрөнгө оруулагчаар дамждаг. Энэ тоог дэлхийн хэмжээнд авч үзвэл 31 хувь нь мэргэжлийн хөрөнгө оруулагчаар дамжиж байна.Тиймээс энэ чиглэлд манай дотоодын зах зээл алхам алхмаар урагшилах хэрэгтэй. Олон нийтэд мэргэжлийн хөрөнгө оруулагчийн энэ зах зээл дэх үүргийн талаар ойлголтыг сайн өгөх нь зүйтэй. Жижиглэн хөрөнгө оруулагч нарын олонх нь богино хугацаанд их ашиг олох сонирхолтой байдаг. Харин мэргэжлийн хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой байснаар энэ нь салбарын хөгжилд болон салбарын нэр хүнд, илтгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулсан нээлттэй болон хаалттай компаниудын засаглал сайжирдаг гэсэн олон улсын судалгаа бий. Манай дотоодын компаниудын засаглал муу. Дийлэнх гол хувьцаа эзэмшигч нь нэг хүн , гэр бүл байдаг. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн тухайн компанид итгэх итгэлцэл, нээлттэй ил тод байдал, засаглалд сөргөөр нөлөөлдөг. ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал гэх том философи, мега тренд эрчээ авч байна. Цор ганц санхүүгийн өгөөжөөс гадна, тухайн үйл ажиллагаа байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ, хүнлэг, нийгэмдээ ээлтэй байна уу, засаглалын хувьд эрүүл, тэнцвэртэй байна уу гэх мэт зүйлсэд ач холбогдол өгч байна. Үүний G буюу засаглалд мэргэжлийн хөрөнгө оруулагчид чухал оролцоотой.
Монголын нээлттэй, хаалттай дийлэнх компаниудын хувьд засаглал гэдэг харьцангуй шинэ ойлголт төдийгүй нэг хүн, нэг гэр бүлд төвлөрсөн байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан компанидаа “активизм” хийж болдог. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн үйл ажиллагааг хэрхэн сайн, тогтвортой байлгах тухайд үнэ цэнийг нь нэмэгдүүлэх үйл хэрэгт өөрсдөө гар бие оролцдог гэсэн санаа. Сонирхолтой нэгэн жишээг онцолъё. Сая цар тахалын үеэр хүмүүс гэрээсээ ажиллаж эхэлсэн. Энэ үед хүмүүс аз сорих, бооцоо тавих хэрэгцээгээ хангадаг морин тойруулга, хөл бөмбөгийн тэмцээн казино зэрэг бизнесүүд бүгд хаагдсан. Энэ үед хүмүүс хадгаламж болон улсаас өгсөн тэтгэмжийн мөнгөөрөө хөрөнгийн зах зээлд азаа үзэх, богино хугацаанд ашиг олох сэдлээр олноороо орж ирсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлийг огцом савлуулсан. Хувь хүмүүсийн хувьд цөөнх хэсэгт нь ашигтай сайн байсан байж болох ч урт хугацаандаа сөрөг нөлөө ч байгаа.
Хууль тодорхой бишээс салбарын хөгжлийг хойш татдаг
-Хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудаас даатгалын салбарын тухай нэмж нэг зүйлийг хэлье. Урт хугацааны даатгалын болон ердийн даатгалын компаниудын бизнес загварын гол зорилго шимтгэлийн орлого, нөхөн төлбөрийн зөрүүгээр ашиг олох биш. Харин хөрөнгө оруулалтын менежментийг оновчтой хийж хөрөнгө оруулалтын ашгаас ашгийн дийлэх хэсэг нь бүрддэг бизнес загвар.Тэгэхээр энэ чиглэлд хөгжих нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын сангийн тухайд онцлоход Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 онд батлагдсан. Аливаа хууль батлагдахдаа төгс байддаггүй, хэрэглэх субекьтуудын тоо нэмэгдэж нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнөж байж сайжирдаг. Энэ цаг үе нь ирчихээд байна.
Хуулиар хөрөнгө оруулалтын сан нь зөвхөн компанийн хэлбэрээр байгуулагдах боломжтой. Тэгэхээр компанийн тухай хууль цаашлаад аливаа маргаан гарвал иргэний тухай хуулиар шийдвэрлэх эрх зүйн орчинд ажиллаж байна. Гэвч компанийн болон иргэний тухай хуулиуд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны онцлогийн төдийлөн тусгаагүй, зарим талаар тохиромжгүй байгаа нь салбарын хөгжлийг хойш нь татаж байна. Тухайлбал, компанийн тухай хуулиар хувьцааг анх гаргасан үнээс хямд үнээр худалдаж болохгүй гэсэн заалт бий. Гэтэл хөрөнгө оруулалтын үнэ цэн буурч болно мөн өсөж болно. Тиймээс Үнэт цаасны тухай болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ярихаас гадна суурь эрх зүйн орчинг талууд нэгдэж сайжруулах хэрэгтэй.
Түүнчлэн олон нийтийн болон хөрөнгө оруулагч нарын мэдлэг,мэдээллийг сайжруулах талд бүгд хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтын сан нь IPO гэх мэт бусад ойлголттой харьцуулахад харьцангүй шинэ ойлголт. Сан гэдгийг олон нийт ”Төрийн тусгай сан”,”ЖДҮДС”, “Тариалан Эрхэлтийн Сан”-тай холбож ойлгодог. Тиймээс хөрөнгө нь мэргэжлийн багаар удирдуулж өсөж үрждэг гэдгийг ойлгохгүй байгаа юм. Гэтэл олон улсад хүн бүр банкинд данстай, төлбөр тооцооны карттай байдаг шиг хүн бүр хөрөнгийн зах зээлийн оролцогч байдаг төдийгүй тэр оролцоогоо мэргэжлийн удирдлагатай, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хийдэг. Энэ жишиг рүү бид явах ёстой. Үүний тулд бүх оролцогч талууд мэдлэг, мэдээллээ зөв түгээх нь нэн тэргүүний зорилт. Хоёрдугаарт,салбарын хөгжилд хүний нөөцийн асуудал чухал.
Мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхийн зэргэцээ хийнгээ суралцах арга барил үр дүнтэй. Монгол Улс уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүн экспортлогч орон. Гэхдээ цар тахлын дараах энэ цаг үед өөр ямар боломж байна вэ гэвэл нэг үеийг бодвол мэдээлэл технологийн компаниуд үйлчилгээгээ олон улсад экспортолдог боломж руу шилжиж эхэлсэн.Тэгвэл яг үүнтэй ижил санхүүгийн технологи, үйлчилгээг гадаадын санхүүгийн салбарт экспортлох боломж нээгдсэн. Эцэст нь мэргэжлийн оролцогч байгууллагууд мэргэжлийн ёс зүйгээ чанд баримталж, зах зээлийн интегритигээ хамгаалж ажиллах ёстой. Итгэлцэл дээр тогтдог салбар учраас нэг үхрийн эвэр доргоход мянган үхрийн эвэр доргидог онцлогтой байдаг.
“Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр